Pages

Friday, July 1, 2011

Даатгуулагчдын мөнгөөр хөрөнгийн биржээ дархлаажуулъя

“Монголын төмөр зам” компанийн 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард цацагдсан билээ. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн хувьд урьд хожид үзэгдээгүй сонин тохиолдол болсон юм. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хөрөнгийн бирж үүссэн. Одоо бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ихэнх нь 1990-ээд оны хувьчлалаас төрсөн “бүтээгдэхүүн” юм. “Багануур”, “Шивээ овоо”, АПУ, “Шарын гол”, “Монголын цахилгаан холбоо”, “Улсын их дэлгүүр” гээд зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч компаниуд бүгд л эртний танилууд билээ. Гэтэл сүүлийн 10-15 жилд бий болсон “Моннис”, MCS, “Петровис”, “Номин” зэрэг томоохон компани хувьцаа гаргаагүй л байгаа шүү дээ. Харин Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын амин судсыг атгаж буй “Монголын төмөр зам” компани дотоодын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох болсон нь түүхийн шинэ хуудас нээж байх шиг. Үүний араас үндэсний компаниудын IPO хөвөрч мэднэ. Гол нь тэдгээр компанид хэн хөрөнгө оруулж чадах вэ? Монголчууд уу, эсвэл...

Wednesday, June 29, 2011

"Амжилт хүсье"

Улаанбаатараас Дархан орох замд “Хурд-Үхэл” гэх пайзтай сампирсан автомашины сэг тааралддаг даа. Ямар замаар яваагаа мэдэхгүй байж хурдаа хэт нэмэн сагсуурч давхих нь юунд ч хүргэж мэдэхийг анхааруулсан хэрэг биз. Тэгвэл Монгол Улс тэр аяараа сагсуу жолооч болж хувирсныг анзаарах хүн байгаа болов уу?
“Эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр хурдаар өсөж байгааг тэмдэглүүштэй. Энэ оны эхний улиралд 9.7 хувиар өссөн байна” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун Хөгжлийн банкны нээлтийн үеэр онцолж байв. Гэвч энэ хугацаанд иргэдийн амьжиргаа 9.7 хувиар дээшилж чадсан гэж үү? Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд нэгдүгээр улиралд монгол өрхийн сарын дундаж мөнгөн орлого 453.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгджээ. Гэтэл мөн хугацаанд өрхийн сарын дундаж зарлага 28.9 хувиар өсөж, 487.2 мянган төгрөгт хүрсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хурдтай өссөн ч иргэдийн амьжиргаа улам доройтжээ. Долоон Буудлын Доржийн гэр бүл хоногийн хоолоо аргацаахын тулд ах дүү, төрөл төрөгсдөө царай алдаж, бүр болохгүй бол байдгаа ломбардаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амь зуусан хэвээр.

Tuesday, June 28, 2011

Уул уурхай “утаагүй үйлдвэрлэл”-ийг сөнөөх нь...

Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна.
-Хятадын цагаан хэрэм дээр Ричард М.Никсоны хэлсэн үг-
Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна.
-“Монголчууд нүүдэл суудал” номын зохиогч Баабарын үг-

“Монголчууд нүүдэл суудал” номын тэргүүн хуудсанд ярайх дээрх үгс сэтгэл хөдөлгөж, “Би монгол хүн шүү” гэдгээрээ бахархах сэтгэлийг гижигдэж билээ. Тийм ээ, бид монголчууд, бидэнд ч аугаа их ирээдүй байгаа нь лавтай. Гэхдээ тэр ирээдүйг бид яаж бүтээх вэ? Өнөөдөр монголчууд үүцээ задалж, үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн баярлаж байна. Бултаараа уурхайчин болоод баяжих мөрөөдөлдөө автаад элдвийг эргэцүүлэх завгүй байх зуур эрдэс баялгийн салбар манай ДНБ-ий 30, экспортын 85 гаруй хувийг бүрдүүлж, Монголд ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг залгих боллоо. Чингисийн Монгол зэс, алт, нүүрсний Монгол болжээ. Дэлхийн талыг эзэгнэж байсан аугаа их түүхтэй манай орон өнөөдөр Оюутолгой, Тавантолгойгоороо бөмбөрцгийн анхаарлыг татах аж. Үүнийг дагаад манай нутагт их мөнгө урсаж ирэх болсон нь сайн л хэрэг. Гэхдээ баялгийнхаа ачаар баяжсан орнууд байхад баларсан орны жишээ ч мундахгүй бий. Тиймээс аугаа их ирээдүйг бий болгохын тулд бидэнд зөв удирдлага, зөв бодлого хэрэгтэй.

Saturday, June 25, 2011

Монголын элсэнд зөвхөн ашигт малтмал байна гэж үү?


Зэс, алт, нүүрс, уранаас эхлээд газрын ховор элементийн асар их баялаг манай нутгийн хэвлийд оршиж байгаа билээ. Оюутолгой, Тавантолгойгоороо дэлхийг гайхуулж, ашигт малтмалын нөөцөөрөө аргагүй толгой цохих улс аа, бид. Гэхдээ өвөг дээдэс минь бидэнд үүнээс ч илүүг өвлүүлэн үлдээсэн байна. Манай говийн элсэнд палеонтологийн асар үнэт олдворууд нуугдаж байгааг, Өмнөговийн Булган сумын нутагт орших Баянзаг маань үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн алдаршсаныг гаднынхан мэддэг ч бид өөрсдөө нэг л хайхрамжгүй ханддаг нь гайхалтай. Энэхүү баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах аваас уул уурхайгаас ч илүү ашиг олж чадахыг сануулах нь зүйтэй болов уу.

Thursday, June 16, 2011

Гурван хавцлын гайхамшиг

Хятадын эрх баригчид, эрчим хүчний салбарынхан энэ оны тавдугаар сард их ажлын ард гарлаа. Шар мөрнийг түшиглэн сүндэрлэсэн Гурван хавцлын цахилгаан станц 14 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн бол өнөөдөр усан дор байраа эзэлсэн аварга том зургаан турбин хэвийн ажиллаж байгаа, эсэхийг нягтлан шалгах л үлджээ.
Шар мөрний Гурван хавцлын бүсэд аварга том далан барих санаа нь шинэлэг зүйл байгаагүй юм. 90 гаруй жилийн өмнө Хятадын улс төрийн лидер Сүн Зонг Шан (Sun Zhongshang) энэхүү төслийг хэрэгжүүлэх санал гаргаж байжээ. Үүнээс хойш гадаад, дотоодын мэргэжилтнүүд энэ тал дээр олон тооны судалгаа хийж байв. Харамсалтай нь дэлхийн түүхэнд өмнө нь ийм том хэмжээний усан цахилгаан станц бүтээн босгож байсан түүх үгүй учир Гурван хавцлын далан гэдэг бүтэхгүй мөрөөдөл мэт сэтгэгдэл төрдөг байжээ.

Thursday, June 9, 2011

Импортыг орлох “удирдлага”

SOS! Оросоос авч буй эрчим хүчний импорт маань огцом өсөөд эхэлснийг Та анзаарч байна уу? Манай дулааны цахилгаан станцууд жилдээ дөрвөн тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн, оргил ачааллын хэрэгцээгээ ОХУ-аас импортоор авч  хаасаар өнөөдөртэй золгож буй. Өмнө нь бид хойд хөршөөс жилдээ 130 орчим сая кВт.ц цахилгаан худалдаж авдаг байсан учраас нэг их санаа зоволгүй ирсэн байж болно. Гэвч өнгөрсөн жил уг үзүүлэлт 21 хувиар суга өсөн 157.5 сая кВт.ц болж, энэ онд бүр 200 сая кВт.ц-т хүрч цойлох төлөвтэйг албаны хүмүүс тооцоолж сууна. Хот хүрээгээ тэлж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам Монгол орон маань Оросоос хараат болох гээд байна шүү дээ. Гэтэл хойд хөршийн эрчим хүчний салбар энэ оноос чөлөөт зах зээлд бүрэн шилжсэн учраас монголчуудад өндөр үнэ тулгахыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Ер нь манайд эрчим хүч нийлүүлдэг “Интер РАО ЕЭС” нийгэмлэг үнээ байнга өсгөж ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн өдийд бүр 60 хувийн гэнэтийн өсөлтөөр сюрприз барьж, монголчуудыг сандаргаад авсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. Яах вэ, холбогдох албаныхан оросуудыг аргадаж, удаа дараа ярилцаж, хэлэлцсэний үр дүнд энэ асуудлыг Монголын талд дарамт учруулахгүйгээр шийдэж чадсан. Гэхдээ ахиад ийм байдал үүсэхийг байг гэхийн газаргүй ээ. Ер нь бид яагаад Оросоос цахилгаан импортлоод, царай алдаад байдаг билээ?

Tuesday, June 7, 2011

Алдагдсан боломж буюу алтны ралли

Дэлхийн зах зээл дэх алтны үнэ хүн төрөлхтнийг алмайруулж байна. Дөрөвдүгээр сарын 29-нд унци алт 1565 ам.доллараар арилжаалагдсанаар түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Гэтэл нэгэн үед алтаар аврагдаж байсан Монгол оронд шар металлын олборлолтын хэмжээ гэрлийн хурдаар буурч буй. Төвбанкинд тушаах алтны хэмжээ таван жилийн дотор долоо дахин багассан байх жишээтэй. Уг металлын үнэ тэнгэр чиглэн түргэлж буйгаас олон улсын алтны зах зээлд урд хожид үзэгдээгүй өөрчлөлт бий болжээ. Харин Монгол оронд 68 хувийн татвар үгүй болсон ч оронд нь урт нэртэй хууль гарч ирснээр алтны үнийн өсөлтийг ардаа орхиж, “алтан боломж”-оо алдах шинжтэй. 

Sunday, May 29, 2011

“Шар нунтаг” үнэд орох цагаар...

Бөмбөрцгийн хүн амын тоо 2050 он гэхэд 9.8 тэрбумд хүрч, өнөөгийнхөөс 42 хувиар өснө гэсэн таамаглалыг НҮБ гаргасан билээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний хэрэглээ тэр хэрээр нэмэгдэхийг зөгнөж буй хэрэг юм. Гэтэл газрын тос, байгалийн хийг дэлхий нийт өнөөдрийн хэрэглэж байгаа хэмжээгээр ашиглаад байвал 50-100 жилийн дараа нөөц нь дуусна гэсэн тооцоо бий. Тиймээс хүн төрөлхтөн “гал гаргах” бусад хувилбарыг эрэлхийлэх болоод удлаа. Ногоон эдийн засаг хаяагаа тэлэхийн хэрээр “Clean energy” буюу “Цэвэр эрчим хүч” гэх ойлголт моодонд орж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч улам бүр газар авч байна.

Луугийн өсөлт

Олон улсын валютын сангийн таамаглал сенсаац дэгдээв. 2016 он гэхэд Хятадын эдийн засаг Америкийг ардаа орхиж, дэлхийд тэргүүлнэ хэмээн уг байгууллагын мэргэжилтнүүд дүгнэжээ. АНУ-ын эдийн засаг 1890-ээд оноос тухайн үеийн лидер Их Британийг шахан дэлхийд тэргүүлж эхэлсэн бөгөөд хэн нэгэнд байраа тавьж өгөлгүй өдий хүрч байна. Гэхдээ дэлхийн тэргүүлэх эдийн засгийн эзэн халаагаа хятадуудад өгнө хэмээн шинжээчид нэлээд хэдэн жилийн турш ярьж байгаа юм. Гол нь үүний тулд дахиад 15 жил шаардлагатай гэж таамаглаж байв. Гэтэл яагаад энэ хугацаа 10 жилээр наашилчихав аа?

Saturday, May 28, 2011

“Сингапур гайхамшгийн эцэг” шинэ үедээ зай тавьж өгөв үү?

Загасан сүүлт арслан буюу Сингапурын бэлгэ тэмдэг болох “Merlion”-ыг мэдэхгүй хүн дэлхийд үгүй болжээ. Аялал жуулчлалын таатай орчин, анагаах ухааны үсрэнгүй хөгжил, дэлхийд дээгүүрт орох боловсролын чанар зэргээрээ тус улс харийнхныг “даллаж”, халаасыг нь “сэгсэрнэ”. Сингапур хэмээх хот-улс руу монголчууд ч мянга, мянгаараа цувах болсон үе шүү дээ. Гэвч нэгэн үед юу ч үгүй байсан жижигхэн тосгон яаж, ямар замаар ийм хөгжилд хүрсэн нь сонирхол татна.

Friday, May 27, 2011

SOS биш ээ! Зүгээр л сануулга...

Хойд хөршийн гэнэтийн шийдвэр манай таксины жолоочоос эхлээд Төрийн тэргүүнийг хүртэл сандаргаж дөнгөв. ОХУ бензиний экспортоо зогсоох шийдвэр гаргасныг дуулангуутаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл даруй  хуралдаж, сайд дарга нар “орос ах нар” луугаа утас цохин, хэвлэлийнхэн Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хийгээд импортлогчдын хаалгыг хэдэн өдрөөр манаж суух шив дээ. Тэгээд “Оросын хориг Монголд үйлчлэхгүй гэнэ ээ” гэсэн алт шиг сайхан мэдээг дуулангуутаа дор дороо тайвширцгаасан нь бүр ч хөөрхийлөлтэй. Тавантолгойн “ялагч”-ийг өнөө маргаашгүй зарлах гэж буй, тус ордын  нүүрсийг зөөх төмөр замын асуудал шийдэгдэж байгаа  энэ чухал цаг үед ОХУ бидэнд бензин өгөхгүй байж чадна гэж үү? 

Wednesday, May 4, 2011

Tavan Tolgoi Still Causes Headaches

A nation of shareholders
It has been settled. All Mongolian citizens born before the 31st of March 2011 will inherit free shares in Tavan Tolgoi. The Government made a historical decision to distribute for free 10% of the 15 billion shares of the Erdenes Tavan Tolgoi Company – a daughter company of Erdenes MGL - to its citizens. Mongolia’s population amounts to only 2,796,000 and every Mongolian citizen will soon have in their possession 536 shares in Erdenes Tavan Tolgoi Co. Despite the fact the Government has already announced the number of shares to be distributed, their price has yet to be fixed. Such acts of kindness could well occur again in the future as, after all, elections are nearing. But has it already occurred that a country’s citizens all become shareholders?

Sunday, May 1, 2011

Алишер Али: Монголчууд Казахстаны алдааг битгий давтаасай

“Eurasia Capital” группийн захирал Алишер Алитай ярилцлаа.  
-Монголын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд хийнэ гэж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ нь Монголын хувьд үнэхээр түүхэн үйл явдал болно гэж би үздэг. “Эрдэнэс Тавантолгой” нь IPO хийснээр Монголын анхны “Үндэсний аварга” төрөхөөр байгаа юм. Хэмжээ болон ач холбогдлыг нь авч үзвэл “Эрдэнэс Тавантолгой” компани зах зээлийн үнэлгээ нь 190 тэрбум ам.долларт хүрсэн Оросын “Газпром”, 168 тэрбум ам.доллараар үнэлэгддэг Бразилийн “Vale”, 90 тэрбумын Хятадын “Shenhua Group”, 12 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй Казахстаны “Kazakhmys” зэрэг компанитай дүйцэхээр байгаа юм. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой”-н IPO Монголын ард түмний амьжиргааг дээшлүүлж, Монголын хөрөнгийн бирж сайжрахад нөлөөлж, Монголын эдийн засгийн урт хугацааны эрчимтэй өсөлтийн гол хөшүүрэг болно гэдэгт би итгэдэг.
-Гэхдээ Монголын эдийн засгийн форумын үеэр Та “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эхлээд дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах хэрэгтэйг онцолж байсан шүү дээ. Үүнийгээ манай уншигчдад тайлбарлавал?..

Monday, April 25, 2011

Тавантолгойн асуудал толгой эргүүлсээр...


Хувьцаа эзэмшигчдийн орон
2011 оны гуравдугаар сарын 31. Энэ өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн нэгээхэн хэсгийг үнэ төлбөргүйгээр эзэмших эрхтэй боллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулан 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасны 10 хувийг ард түмэнд тараах түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргасан нь энэ.
Монголчууд бид хоёр сая 796 мянгуулаа. Монгол хүн бүр нэрийн данстай, дансандаа 536 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болох нь. Төр засаг одоогоор хувьцааны тоог хэлсэн ч түүний нэрлэсэн үнийг зарлаагүй байна. Бас дээр нь “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа гаргаж, хүн бүрт нэг ширхэгийн бэлэглэх тухай Засгийн газар хэлэлцэж, дэмжээд байгаа билээ. Цаашдаа иймэрхүү сюрприз олон гарч мэдэхийг хэн байг гэх вэ, сонгуулийн өмнөх жил шүү дээ! Ингэхэд иргэн бүр нь “хувьцаа эзэмшигч” болсон Монголоос өөр орон байдаг болов уу?

“Цус сорогчдод зай байхгүй”

Нийгмийн эмзэг бүлгийнхэн хүртэл авсан мөнгөө эргүүлж төлөх чадвартай бөгөөд ядуурлыг бууруулах шилдэг арга нь барьцаагүй зээл өгөх явдал гэдгийг Бангладешийн банкир, профессор Мохаммад Юнус өөрийн үүсгэн байгуулсан “Grameen Bank”-аар баталсан билээ. Энэхүү ололтоороо тэрбээр 2006 онд Нобелийн шагнал хүртсэн тухай “Mongolian Economy сэтгүүл анхны дугаартаа дурдаж байсан. Гэтэл Бангладешийн эрх баригчид Мохаммад Юнусыг өөрийнх нь “эх барьж” авсан банкнаас халсан явдал нэлээд шуугиан дэгдээв. Энэ тухай http://lenta.ru/ цахим хуудсанд тун сонирхолтой нийтлэл гарсныг хөрвүүлэн хүргэж байна. 

Sunday, April 24, 2011

Өнгөрснийг ирээдүйтэй холбох гүүр

Андрей Зотов (ADJ Consulting компанийн удирдагч)

Бид байнга шинэчлэгдэж байдаг зах зээлд ажиллаж байна. Бизнесийн орчин асар хурдтай өөрчлөгдөж, шинэ хууль, шинэ ойлголтууд гарч ирсээр. Ийм нөхцөлд ажил хэргээ нэг жилээр ч урьдчилан төлөвлөнө гэдэг хэцүү. Гэхдээ...

“Өглөгч аав”, өвчинд нэрвэгдсэн ард түмэн...

Дорж их өглөгч эр л дээ. Цалингаа авангуутаа хэдэн хүүхдэдээ бэлэн мөнгө тараадаг, эхнэртээ бэлэг сэлт аваад дуусгадаг зуршилтай нэгэн. Ингэснээрээ эхнэр хүүхдүүдээ ихэд хайрлаж байгаа хэмээн баясна. Учраа мэдэхгүй бяцхан жаалууд тэр дор нь дэлгүүр орж, чихэр жимсхэн аваад мөнгөө үрж дуусгана. Гэтэл “гай газар дороос, гахай модон дотроос” гэдэгчлэн нүүрсний уурхайд ажиллаж ирсэн Дорж гэнэтхэн цомхтголд ороодхов. Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ уначихсан хэрэг. Хадгалсан юмгүй Дорж хэцүүхэн байдалд оржээ. Энэ цагаас гай зовлон эдний гэр бүлийг амраасангүй. Эхнэр нь дахиад хөл хүндтэй болсон ч арван сар тээсэн үрээ амьд мэнд гаргаж чадсангүй. Бага хүүгээ бурхны оронд илгээчихээд удаагүй байтал бусад хүүхэд нь сургуульд орох цаг ч боллоо. Гэтэл сургалтын төлбөр өгөх зардал байхгүй баларч сууна.

Friday, April 22, 2011

“Их цэвэрлэгээ”

Монголын Топ 20 дэлхийн хамгийн өсөлттэй индексээр шалгарсан билээ. Гэвч баярлахад эрт байна. “Хүмүүс ямар ч мэдээлэлгүйгээр хувьцаа авч байна шүү дээ” хэмээн Компанийн засаглалын хөгжлийн төвийн захирал  Ж.Үнэнбат Монголын эдийн засгийн форумын үеэр анхааруулсан юм.
Үнэхээр Монголын компаниудын хувьцааг авах сонирхолтой хөрөнгө оруулагчид нүдээ аньж байгаад мөнгөө өгөхөөс өөр аргагүй. Дараа нь юу болохыг тэнгэр л мэднэ. Яагаад гэвэл манай компаниудын ихэнх нь ил тод байдал гэдгийг ор тас мартсан. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 компаниас 33 нь л 2010 оны санхүүгийн тайлангаа ирүүлсэн бол ердөө 19 нь ногдол ашиг тараажээ.  

Tuesday, April 5, 2011

Мөнгөний дуу, биднийг сэрээ сэрээ...

-Тог тог...
-Хэн бэ?
-Гадаадаас ирсэн ганган хүрэмтэй хөрөнгө оруулагч байна...
Монгол гэхээр л гадаадын хөрөнгө оруулагчид хөл алдан гүйх болжээ. Нөгөө талаас гадаадын гэхээр л монголчуудын нүдэнд оч гэрэлтэх болоод удлаа. Бид гадаадаас хөрөнгө орж ирэхийг хүлээж, гаднынхан ирээд Монголын хөрөнгийн биржийг сайжруулчихна гэж найдаж сууна.  Харин монголчууд өөрсдөө хаана явна вэ? Бид өөрсдөө хөрөнгө оруулагч байж, өөрсдөө хөрөнгө босгогч байж чадахгүй гэж үү? Хэргийн учир чадахгүйдээ биш, хүсэхгүйдээ байгаа аж.

140 мянган ажлын байр уу, 21 мянган төгрөг үү?

Должин гуай гурван настай зээ хүүгийнхээ гараас хөтлөн банкны урт дараалалд зогсохдоо “Ишш, энэ хүүхдийн эх хурдхан л сургуулиа төгсөж, ажилд ороосой билээ” хэмээн санаа алдав. Тэрбээр гарын уртай юм болохоороо нэг оёдлын цех байгуулж, хувцас хийж борлуулах сонирхолтой. Гэхдээ оёдлын цахилгаан машин, бага сага бөс бараа авахад бараг хоёр сая төгрөг хэрэг болно. Ажилгүй юм болохоор зээл ч олдохгүй. Олдлоо гэхэд арилжааны банкны зээл өндөр хүүтэйгээс гадна барьцаа хөрөнгөнөөс эхлээд дааж давшгүй шалгууртай. “За тэр ч яах вэ, Хүний хөгжил сангийнхаа мөнгөөр хэдэн кг мах, гурил аваад харья даа байз. Нээрээ махны үнэ дахиад нэмэгдчихээгүй байгаа?”...

Monday, April 4, 2011

17 элемент буюу Монголд ховор биш ховор металл



Бээжин “шогтож” байна. Газрын ховор металлын экспортоо хумих бодлого барьж байгаа нь энэ гээд 20 жилийн турш хамтарсан худалдан авагчдаасаа нүүр буруулав. Өндөр технологи үйлдвэрлэгчид хэцүүдэж, хятадуудыг аргадаж нэг үзэв, сүрдүүлж нэг үзэв. Нэмэргүй. Сүүлийн үед дэлхийн анхаарлын төвд ороод буй энэ дүр зураг манай оронд аятай боломж нээж өгч байж ч магад. Дэлхийн банк Монгол Улсыг 10 тэрбум долларын газрын ховор элементийн нөөцтэй хэмээн дүгнэсэн удаатай. АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) 2009 онд Монголыг газрын ховор металлын нөөцөөрөө Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт орно хэмээн зарласан. Нэг үе Монголын нутагт нүд алдаж байснаа алга болсон Японы сонирхол сэргэж, судалгааны багаа ч ирүүлжээ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхээд гаргачихгүйн тулд бид газрын ховор баялгаа богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд ашиглах нь хамгийн зөв сонголт болох биз.

Wednesday, March 30, 2011

Хөрөнгө оруулалт ба лидер байхын “урлаг”

Андрей Зотов (ADJ Consulting компанийн удирдагч)
Манай компани хөрөнгө оруулалтын  зөвлөх үйлчилгээний зах зээлд 10 дахь жилдээ ажиллаж байна. Бид аливаа бизнест дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулахад нь оролцдог гэх үү дээ.  Жил бүр бид 100 гаруй төсөл судалдаг боловч 20 орчмыг нь л ажил хэрэг болгодог бөгөөд тэдэнд хөрөнгө оруулагч олж өгдөг юм. Сонголт хийхдээ манай компани таван зүйлийг харгалзан үздэг бөгөөд энэ удаад гол асуудлыг буюу лидер ямар байх хэрэгтэйг товч танилцуулъя.
Ямарваа нэг төслийг бодож олсон, зохион байгуулсан, амьдралд хэрэгжүүлэхээр зорьсон нэг хүн байдаг. Хэрэв төслийг машин гэж үзвэл тэр хүн хөдөлгүүр нь гэсэн үг. Хөрөнгө оруулагчдын дунд ерөнхий стейкхолдер (хувь эзэмшигч) гэдэг үг ч бий.  Гэхдээ энэ нь этгээд сонсогддог, тэгээд ч англи үг болохоор бид “лидер” гэж тэр хүнийг нэрлэе. 

Уул уурхайн орлогоороо урлаг соёлоо услая

“Тоглоомын түүх III” хүүхэлдэйн киноны орлого  тэрбум ам.долларт хүрсэн гэнэ. Канадын “Royal Tyrrell Museum” палеонтолгийн музей өнгөрсөн онд 10 сая дахь үзэгчээ хүлээж авчээ. Урлаг соёлын салбар эдийн засгийн ямар их үр өгөөжтэйг харуулах энэ мэт мэдээлэл хөвөрч  байх зуур монголчууд уул уурхай даган урсан орж ирж буй мөнгөө хэрхэн зарцуулах тухай ярилцах аж. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Эрдэс баялгийн орлогоосоо соёл урлагаа хөгжүүлэхэд зарцуулъя. Монголд дэлхийд үнэлэгдэхүйц уран бүтээлчид бий. Өндөр хөгжилтэй орнуудад төрсөн бол дороо нэрд гарчихаар хүмүүс байна. Гагцхүү монгол хүний оюуны чадавхûг дэлхийн тавцанд гаргахын тулд хүний хөгжилд анхаарах цаг нэгэнт иржээ” хэмээн Монголын эдийн засгийн форумын үеэр тэмдэглэсэн юм.

“Хүн чанар” ажилд авна

“Ажилд урьж байна”, “Vacancy notice”... Ийм гарчиг өдөр тутмын сонинуудын нийт сурталчилгааны талаас илүү хувийг эзэлж байгааг анзаарсан уу? Үүний зэрэгцээ зурагтаар, радиогоор, интернэтээр ажилд авах зар хөвөрсөөр. Олон улсын байгууллагуудаас эхлээд барилга, банк, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл технологийн компаниуд ажиллах хүчний эрэлд хэчнээн их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байна вэ? Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хувьд гол орлого нь болоод буй “Ажилд шалгаруулж авна” гэсэн заруудыг уншаад үзэхнээ захирлаас эхлээд засварчин хүртэл эрэлт хэрэгцээтэй байна. Хаа сайгүй ажилтан хайж байна. Гэтэл ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй байгаа нь гайхалтай бус уу?

Tuesday, March 29, 2011

“ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” ХЭМЭЭХ ТӨРИЙН ЛУЙВАР


Иргэн та юуны тулд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ? Эрүүл саруул, эрч хүчтэй байхдаа хуримтлал үүсгээд, өвдөж зовж, хөгшрөх үедээ түүнээсээ авахын тулд бус уу? Үүний л тулд нийгмийн даатгал оршдог. Сар бүр таны цалингийн 10 хувийг, ажил олгогчоос тань ахиад 10 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд авдаг. Таны хөдөлмөрлөөд олсон орлогын 20 хувийг төр буцааж өгөх нөхцөлтэйгээр авч байгаа хэрэг. Энэ хураамжийн нэг хувийг таны тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд, үлдсэн 14 хувийг тэтгэврийн даатгалд суутгаж байгаа юм. Та орлогынхоо 20 хувийг 30-35 жилийн турш cap бүр хураалгана...