Pages

Wednesday, June 29, 2011

"Амжилт хүсье"

Улаанбаатараас Дархан орох замд “Хурд-Үхэл” гэх пайзтай сампирсан автомашины сэг тааралддаг даа. Ямар замаар яваагаа мэдэхгүй байж хурдаа хэт нэмэн сагсуурч давхих нь юунд ч хүргэж мэдэхийг анхааруулсан хэрэг биз. Тэгвэл Монгол Улс тэр аяараа сагсуу жолооч болж хувирсныг анзаарах хүн байгаа болов уу?
“Эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр хурдаар өсөж байгааг тэмдэглүүштэй. Энэ оны эхний улиралд 9.7 хувиар өссөн байна” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун Хөгжлийн банкны нээлтийн үеэр онцолж байв. Гэвч энэ хугацаанд иргэдийн амьжиргаа 9.7 хувиар дээшилж чадсан гэж үү? Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд нэгдүгээр улиралд монгол өрхийн сарын дундаж мөнгөн орлого 453.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгджээ. Гэтэл мөн хугацаанд өрхийн сарын дундаж зарлага 28.9 хувиар өсөж, 487.2 мянган төгрөгт хүрсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хурдтай өссөн ч иргэдийн амьжиргаа улам доройтжээ. Долоон Буудлын Доржийн гэр бүл хоногийн хоолоо аргацаахын тулд ах дүү, төрөл төрөгсдөө царай алдаж, бүр болохгүй бол байдгаа ломбардаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амь зуусан хэвээр.

Tuesday, June 28, 2011

Уул уурхай “утаагүй үйлдвэрлэл”-ийг сөнөөх нь...

Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна.
-Хятадын цагаан хэрэм дээр Ричард М.Никсоны хэлсэн үг-
Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна.
-“Монголчууд нүүдэл суудал” номын зохиогч Баабарын үг-

“Монголчууд нүүдэл суудал” номын тэргүүн хуудсанд ярайх дээрх үгс сэтгэл хөдөлгөж, “Би монгол хүн шүү” гэдгээрээ бахархах сэтгэлийг гижигдэж билээ. Тийм ээ, бид монголчууд, бидэнд ч аугаа их ирээдүй байгаа нь лавтай. Гэхдээ тэр ирээдүйг бид яаж бүтээх вэ? Өнөөдөр монголчууд үүцээ задалж, үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн баярлаж байна. Бултаараа уурхайчин болоод баяжих мөрөөдөлдөө автаад элдвийг эргэцүүлэх завгүй байх зуур эрдэс баялгийн салбар манай ДНБ-ий 30, экспортын 85 гаруй хувийг бүрдүүлж, Монголд ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг залгих боллоо. Чингисийн Монгол зэс, алт, нүүрсний Монгол болжээ. Дэлхийн талыг эзэгнэж байсан аугаа их түүхтэй манай орон өнөөдөр Оюутолгой, Тавантолгойгоороо бөмбөрцгийн анхаарлыг татах аж. Үүнийг дагаад манай нутагт их мөнгө урсаж ирэх болсон нь сайн л хэрэг. Гэхдээ баялгийнхаа ачаар баяжсан орнууд байхад баларсан орны жишээ ч мундахгүй бий. Тиймээс аугаа их ирээдүйг бий болгохын тулд бидэнд зөв удирдлага, зөв бодлого хэрэгтэй.

Saturday, June 25, 2011

Монголын элсэнд зөвхөн ашигт малтмал байна гэж үү?


Зэс, алт, нүүрс, уранаас эхлээд газрын ховор элементийн асар их баялаг манай нутгийн хэвлийд оршиж байгаа билээ. Оюутолгой, Тавантолгойгоороо дэлхийг гайхуулж, ашигт малтмалын нөөцөөрөө аргагүй толгой цохих улс аа, бид. Гэхдээ өвөг дээдэс минь бидэнд үүнээс ч илүүг өвлүүлэн үлдээсэн байна. Манай говийн элсэнд палеонтологийн асар үнэт олдворууд нуугдаж байгааг, Өмнөговийн Булган сумын нутагт орших Баянзаг маань үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн алдаршсаныг гаднынхан мэддэг ч бид өөрсдөө нэг л хайхрамжгүй ханддаг нь гайхалтай. Энэхүү баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах аваас уул уурхайгаас ч илүү ашиг олж чадахыг сануулах нь зүйтэй болов уу.

Thursday, June 16, 2011

Гурван хавцлын гайхамшиг

Хятадын эрх баригчид, эрчим хүчний салбарынхан энэ оны тавдугаар сард их ажлын ард гарлаа. Шар мөрнийг түшиглэн сүндэрлэсэн Гурван хавцлын цахилгаан станц 14 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн бол өнөөдөр усан дор байраа эзэлсэн аварга том зургаан турбин хэвийн ажиллаж байгаа, эсэхийг нягтлан шалгах л үлджээ.
Шар мөрний Гурван хавцлын бүсэд аварга том далан барих санаа нь шинэлэг зүйл байгаагүй юм. 90 гаруй жилийн өмнө Хятадын улс төрийн лидер Сүн Зонг Шан (Sun Zhongshang) энэхүү төслийг хэрэгжүүлэх санал гаргаж байжээ. Үүнээс хойш гадаад, дотоодын мэргэжилтнүүд энэ тал дээр олон тооны судалгаа хийж байв. Харамсалтай нь дэлхийн түүхэнд өмнө нь ийм том хэмжээний усан цахилгаан станц бүтээн босгож байсан түүх үгүй учир Гурван хавцлын далан гэдэг бүтэхгүй мөрөөдөл мэт сэтгэгдэл төрдөг байжээ.

Thursday, June 9, 2011

Импортыг орлох “удирдлага”

SOS! Оросоос авч буй эрчим хүчний импорт маань огцом өсөөд эхэлснийг Та анзаарч байна уу? Манай дулааны цахилгаан станцууд жилдээ дөрвөн тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн, оргил ачааллын хэрэгцээгээ ОХУ-аас импортоор авч  хаасаар өнөөдөртэй золгож буй. Өмнө нь бид хойд хөршөөс жилдээ 130 орчим сая кВт.ц цахилгаан худалдаж авдаг байсан учраас нэг их санаа зоволгүй ирсэн байж болно. Гэвч өнгөрсөн жил уг үзүүлэлт 21 хувиар суга өсөн 157.5 сая кВт.ц болж, энэ онд бүр 200 сая кВт.ц-т хүрч цойлох төлөвтэйг албаны хүмүүс тооцоолж сууна. Хот хүрээгээ тэлж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам Монгол орон маань Оросоос хараат болох гээд байна шүү дээ. Гэтэл хойд хөршийн эрчим хүчний салбар энэ оноос чөлөөт зах зээлд бүрэн шилжсэн учраас монголчуудад өндөр үнэ тулгахыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Ер нь манайд эрчим хүч нийлүүлдэг “Интер РАО ЕЭС” нийгэмлэг үнээ байнга өсгөж ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн өдийд бүр 60 хувийн гэнэтийн өсөлтөөр сюрприз барьж, монголчуудыг сандаргаад авсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. Яах вэ, холбогдох албаныхан оросуудыг аргадаж, удаа дараа ярилцаж, хэлэлцсэний үр дүнд энэ асуудлыг Монголын талд дарамт учруулахгүйгээр шийдэж чадсан. Гэхдээ ахиад ийм байдал үүсэхийг байг гэхийн газаргүй ээ. Ер нь бид яагаад Оросоос цахилгаан импортлоод, царай алдаад байдаг билээ?

Tuesday, June 7, 2011

Алдагдсан боломж буюу алтны ралли

Дэлхийн зах зээл дэх алтны үнэ хүн төрөлхтнийг алмайруулж байна. Дөрөвдүгээр сарын 29-нд унци алт 1565 ам.доллараар арилжаалагдсанаар түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Гэтэл нэгэн үед алтаар аврагдаж байсан Монгол оронд шар металлын олборлолтын хэмжээ гэрлийн хурдаар буурч буй. Төвбанкинд тушаах алтны хэмжээ таван жилийн дотор долоо дахин багассан байх жишээтэй. Уг металлын үнэ тэнгэр чиглэн түргэлж буйгаас олон улсын алтны зах зээлд урд хожид үзэгдээгүй өөрчлөлт бий болжээ. Харин Монгол оронд 68 хувийн татвар үгүй болсон ч оронд нь урт нэртэй хууль гарч ирснээр алтны үнийн өсөлтийг ардаа орхиж, “алтан боломж”-оо алдах шинжтэй.