Pages

Showing posts with label Уул уурхай. Show all posts
Showing posts with label Уул уурхай. Show all posts

Tuesday, June 7, 2011

Алдагдсан боломж буюу алтны ралли

Дэлхийн зах зээл дэх алтны үнэ хүн төрөлхтнийг алмайруулж байна. Дөрөвдүгээр сарын 29-нд унци алт 1565 ам.доллараар арилжаалагдсанаар түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Гэтэл нэгэн үед алтаар аврагдаж байсан Монгол оронд шар металлын олборлолтын хэмжээ гэрлийн хурдаар буурч буй. Төвбанкинд тушаах алтны хэмжээ таван жилийн дотор долоо дахин багассан байх жишээтэй. Уг металлын үнэ тэнгэр чиглэн түргэлж буйгаас олон улсын алтны зах зээлд урд хожид үзэгдээгүй өөрчлөлт бий болжээ. Харин Монгол оронд 68 хувийн татвар үгүй болсон ч оронд нь урт нэртэй хууль гарч ирснээр алтны үнийн өсөлтийг ардаа орхиж, “алтан боломж”-оо алдах шинжтэй. 

Sunday, May 29, 2011

“Шар нунтаг” үнэд орох цагаар...

Бөмбөрцгийн хүн амын тоо 2050 он гэхэд 9.8 тэрбумд хүрч, өнөөгийнхөөс 42 хувиар өснө гэсэн таамаглалыг НҮБ гаргасан билээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний хэрэглээ тэр хэрээр нэмэгдэхийг зөгнөж буй хэрэг юм. Гэтэл газрын тос, байгалийн хийг дэлхий нийт өнөөдрийн хэрэглэж байгаа хэмжээгээр ашиглаад байвал 50-100 жилийн дараа нөөц нь дуусна гэсэн тооцоо бий. Тиймээс хүн төрөлхтөн “гал гаргах” бусад хувилбарыг эрэлхийлэх болоод удлаа. Ногоон эдийн засаг хаяагаа тэлэхийн хэрээр “Clean energy” буюу “Цэвэр эрчим хүч” гэх ойлголт моодонд орж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч улам бүр газар авч байна.

Monday, April 25, 2011

Тавантолгойн асуудал толгой эргүүлсээр...


Хувьцаа эзэмшигчдийн орон
2011 оны гуравдугаар сарын 31. Энэ өдрөөс өмнө мэндэлсэн Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн нэгээхэн хэсгийг үнэ төлбөргүйгээр эзэмших эрхтэй боллоо. “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулан 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасны 10 хувийг ард түмэнд тараах түүхэн шийдвэрийг Засгийн газар гаргасан нь энэ.
Монголчууд бид хоёр сая 796 мянгуулаа. Монгол хүн бүр нэрийн данстай, дансандаа 536 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болох нь. Төр засаг одоогоор хувьцааны тоог хэлсэн ч түүний нэрлэсэн үнийг зарлаагүй байна. Бас дээр нь “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцаа гаргаж, хүн бүрт нэг ширхэгийн бэлэглэх тухай Засгийн газар хэлэлцэж, дэмжээд байгаа билээ. Цаашдаа иймэрхүү сюрприз олон гарч мэдэхийг хэн байг гэх вэ, сонгуулийн өмнөх жил шүү дээ! Ингэхэд иргэн бүр нь “хувьцаа эзэмшигч” болсон Монголоос өөр орон байдаг болов уу?

Monday, April 4, 2011

17 элемент буюу Монголд ховор биш ховор металл



Бээжин “шогтож” байна. Газрын ховор металлын экспортоо хумих бодлого барьж байгаа нь энэ гээд 20 жилийн турш хамтарсан худалдан авагчдаасаа нүүр буруулав. Өндөр технологи үйлдвэрлэгчид хэцүүдэж, хятадуудыг аргадаж нэг үзэв, сүрдүүлж нэг үзэв. Нэмэргүй. Сүүлийн үед дэлхийн анхаарлын төвд ороод буй энэ дүр зураг манай оронд аятай боломж нээж өгч байж ч магад. Дэлхийн банк Монгол Улсыг 10 тэрбум долларын газрын ховор элементийн нөөцтэй хэмээн дүгнэсэн удаатай. АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) 2009 онд Монголыг газрын ховор металлын нөөцөөрөө Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт орно хэмээн зарласан. Нэг үе Монголын нутагт нүд алдаж байснаа алга болсон Японы сонирхол сэргэж, судалгааны багаа ч ирүүлжээ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхээд гаргачихгүйн тулд бид газрын ховор баялгаа богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд ашиглах нь хамгийн зөв сонголт болох биз.