Улаанбаатараас Дархан орох замд “Хурд-Үхэл” гэх пайзтай сампирсан автомашины сэг тааралддаг даа. Ямар замаар яваагаа мэдэхгүй байж хурдаа хэт нэмэн сагсуурч давхих нь юунд ч хүргэж мэдэхийг анхааруулсан хэрэг биз. Тэгвэл Монгол Улс тэр аяараа сагсуу жолооч болж хувирсныг анзаарах хүн байгаа болов уу?
“Эдийн засаг түүхэнд байгаагүй өндөр хурдаар өсөж байгааг тэмдэглүүштэй. Энэ оны эхний улиралд 9.7 хувиар өссөн байна” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун Хөгжлийн банкны нээлтийн үеэр онцолж байв. Гэвч энэ хугацаанд иргэдийн амьжиргаа 9.7 хувиар дээшилж чадсан гэж үү? Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд нэгдүгээр улиралд монгол өрхийн сарын дундаж мөнгөн орлого 453.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар нэмэгджээ. Гэтэл мөн хугацаанд өрхийн сарын дундаж зарлага 28.9 хувиар өсөж, 487.2 мянган төгрөгт хүрсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хурдтай өссөн ч иргэдийн амьжиргаа улам доройтжээ. Долоон Буудлын Доржийн гэр бүл хоногийн хоолоо аргацаахын тулд ах дүү, төрөл төрөгсдөө царай алдаж, бүр болохгүй бол байдгаа ломбардаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амь зуусан хэвээр.