Pages

Wednesday, March 30, 2011

“Хүн чанар” ажилд авна

“Ажилд урьж байна”, “Vacancy notice”... Ийм гарчиг өдөр тутмын сонинуудын нийт сурталчилгааны талаас илүү хувийг эзэлж байгааг анзаарсан уу? Үүний зэрэгцээ зурагтаар, радиогоор, интернэтээр ажилд авах зар хөвөрсөөр. Олон улсын байгууллагуудаас эхлээд барилга, банк, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, мэдээлэл технологийн компаниуд ажиллах хүчний эрэлд хэчнээн их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байна вэ? Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хувьд гол орлого нь болоод буй “Ажилд шалгаруулж авна” гэсэн заруудыг уншаад үзэхнээ захирлаас эхлээд засварчин хүртэл эрэлт хэрэгцээтэй байна. Хаа сайгүй ажилтан хайж байна. Гэтэл ажил эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй байгаа нь гайхалтай бус уу?
Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар эдүгээ Монголд 106.1 мянган хүн ажил эрхлээгүй байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай байна. Ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо энэ оны хоёрдугаар сарын эцэст 38.5 мянгад хүрсэн нь жилийн өмнөхөөсөө 7.1 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Бүр ч хачирхалтай.
Нэг нь ажилтан хайгаад байдаг, нөгөөх нь ажлын байр эрээд байдаг. Тэгснээ ажилгүйдлийн түвшин буурч өгдөггүй.
“Албан бичиг боловсруулах чадвартай, англи хэлний өндөр мэдлэгтэй, ачаалал даах чадвартай, мэргэжлээрээ хоёроос дээш жил ажилласан” гэдэг нь “Ажилд шалгаруулж авна” гэсэн заруудын гол түлхүүр үгс. Уг нь хэрээс хэтэрсэн шаардлага биш л юм шиг санагдана. Даанч ийм чадвартай хүн олдохгүй байна хэмээн ажил олгогч эзэд гомдоллох ажээ.
2010-2011 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн нийт 113 их, дээд сургуульд 170 гаруй мянган оюутан сурч байна. Гэтэл дээд сургууль төгсөгчдийн ердөө 40 хувь нь ажлын байртай золгодог гэх статистик бий. Өөрөөр хэлбэл, энэ онд шинэхэн димплом өвөртөлсөн 100 гаруй мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд орох нь. Дээд боловсролтой хүмүүст яагаад ажлын байр олдохгүй байна вэ? “Монголын их дээд сургуулиуд оюутнуудаа сургаж чадахгүй байна. Нэг их мундаг диплом харуулсан хүн ирчихээд л, албан бичиг ч боловсруулж мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс захирлууд шинээр авсан ажилчдаа эхнээс нь сургаж, цаг, мөнгө зарцуулж байна” хэмээн ажил олгогч эзэд учирлах аж. Эндээс их дээд сургуулиуд яагаад оюутнуудаа сайн сургахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр “АНУ-д дээд боловсрол эзэмшихэд 30 орчим мянган ам.доллар, Хятадад 3-5 мянган ам.доллар байхад Монголд 800-900 мянган төгрөг төлөөд л их сургуульд суралцаж байна шүү дээ. Өнөөдөр сургуулиуд төлбөрөөрөө л амьдарч байгаа. Нэгэнт сургалтын төлбөр нэмэхийг төрөөс хязгаарладаг учраас сургуулиуд чанар биш, тоо харж байна” хэмээн Монголын эдийн засгийн форумын үеэр онцолсон юм. “Манай сургуульд төсвөөс ердөө 6.8 хувийн санхүүжилт ирдэг. Үлдсэнийг нь бид оюутны төлбөрөөс л гаргаж байгаа. Гэтэл орлогын 70 хувь нь зөвхөн багш нарын цалинд явчихдаг. Сургалтын орчин, тоноглолоо сайжруулахад ямар ч хөрөнгө оруулалт хийж чадахгүй байна. Энэ чигээрээ явах юм бол бид дэлхийн түвшинд хүрэх биш, одоогийнхоос ч дордоно” гэж МУИС-ийн захирал С.Төмөр-Очир тэмдэглэв. Тэрбээр цааш хэлэхдээ “Оюутнуудын 70 хувь нь их, дээд сургууль, 30 хувь нь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байна. Гэтэл ажлын байр гэхээр яг эсрэгээрээ дүр зураг гарч ирдэг” хэмээн онцоллоо.
Хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээл нь энэ жилийн Монголын эдийн засгийн форумын нэгэн чухал сэдэв болсон билээ. Гэвч бид энэ сэдвийг хөндөхдөө мэргэжилтэй ажилчдын сургалтын тал дээр анхаарахгүй өнгөрч боломгүй.
2010-2011 оны хичээлийн жилд Мэргэжлийн боловсрол, сургалтын 63 байгууллагад 46 мянган хүн суралцаж байна гэсэн мэдээ бий. Жилдээ 15 мянга орчим хүн төгсөж байгаагийн 70 гаруй хувь ажлын байртай болдог аж.  “Нэг үе мэргэжилтэй ажилчид гээгдэж байсан. Одоо түүхийн шинэ хуудас нээгдэж байна” хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда онцлов. Үйлдвэрлэл-Урлалын сургуулийн захирал Ж.Юра “Энэ бол мэргэжлийн сургалт хамгийн оргил цэгтээ хүрч байсан 1991 оныхоос ч давж, рекорд эвдсэн үзүүлэлт. Гэхдээ ажил эрхлэлтийн түвшин бага байгааг анхаарах хэрэгтэй” хэмээв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү “Хөдөлмөрийн зах зээлд зохицуулалт алга. Уул уурхайн салбарт хүн хэрэгтэй байхад хөдөө аж ахуйн чиглэлээр хэтэрхий олон мэргэжилтэн бэлдчихэж байх жишээтэй. Ийм байхад НХХЯ тэр хүмүүсийг нь ажилд зуучилж чадахгүй байна шүү дээ. Бидэнд хөдөлмөрийн зах зээлийн судалгааны байгууллага хэрэгтэй байна. Мэргэжилтнүүдийн сургалтыг ажил олгогч эздийн захиалгатай нийцүүлсэн хийх ёстой. Ер нь энэ бүх асуудлыг нэг гарт нэгтгэвэл яасан юм бэ?” гэсэн санал дэвшүүлсэн юм.
Үнэхээр хөдөлмөрийн зах зээлд бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байгааг Монголын эдийн засгийн форумын хүрээнд зохион байгуулагдсан “Мэргэжлийн боловсрол, эдийн засгийн өсөлт” салбар хуралдааны үеэр өрнөсөн хэлэлцүүлэг гэрчлэв. “Өнөөдөр Монголд хэдэн гагнуурчин хэрэгтэй байна вэ? Хэдэн хүнийг энэ чиглэлээр бэлдэж байгаа вэ? Ер нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар тодорхой судалгаа, тоо баримт байна уу?” гэсэн асуултад хэн ч тодорхой хариулт өгсөнгүй. БСШУЯ баахан мэргэжилтэн бэлдээд байдаг, гэтэл НХХЯ тэднийг нь ажилд зуучилж дийлдэггүй. “Яамд, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу байна. Өнөөдөр бид гурван байшингийн хооронд ажлаа уяж чадахгүй байгаа бол хөгжлийн тухай ярихад хэцүү” хэмээн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дүгнэв.  
Нэг нь ажилтан хайгаад, нөгөөх нь ажлын байр эрээд байгаа ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй байгаагийн гол шалтгаан энэ байж болох. Өөрөөр хэлбэл, ажил олгогч эздэд хэрэгтэй мэргэжилтэн ховор, хэрэггүй нь олон байна. Үүний хажуугаар монголчууд ажилдаа сэтгэлээсээ ханддаггүй гэх шүүмжлэл ч гарч байлаа. “Мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдээс нэг барилга дээр 38 хүн ажилд авлаа гэхэд жилийн дараа хоёр нь л тунаж үлдэж байна” хэмээн “Атимос” группийн ерөнхий захирал Я.Батцэцэг тэмдэглэв. Ингээд л мөнөөх ур чадвар, сургалтын чанарын асуудал дахиад хөндөгдөх нь тэр.
“Ур чадварын тухай ярихаа больё. Бид өөрсдөө хүнээ сургаад авч чадна. Гэтэл хүн чанартай хүн олдохгүй байна шүү дээ. Монголчуудын ихэнх нь архи ууна, ажлаа тасална. Хулгай хийгээд алга болох явдал ч гардаг” хэмээн зарим компанийн захирал бухимдах аж. “Би монгол ажилчдыг архичин, хулгайчаар нь дуудуулмааргүй байна. Цалинг нь олигтой өгөхгүй, хугацаанд нь тавихгүй,  барилгын талбайд ажиллах ахуйн нөхцөлийг нь бүрдүүлж өгөхгүй байснаас барилгын материалаа хулгайлах,  зөөх тохиолдол  байсан л байх. Гэхдээ тасралтгүй их ажлаар хангаад, цалин мөнгө өгөөд байвал монголчууд бүгд архидаад байна гэж юу байх вэ дээ” гэж Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар ярьж байсан билээ.
“Оюутолгой” компанийн ерөнхийлөгч Камерон МакРэй “Монголын хамгийн том баялаг ашигт малтмал биш, хүний баялаг юм” хэмээн тэмдэглэж байв. Тиймээс бид хүний баялгаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, яаж монгол ажилчдыг ур чадвартай, хамгийн гол нь “хүн чанар”-тай болгох вэ гэдэг сорилтын өмнө нүүр тулаад байх шиг.
Америкийн эрдэмтэн Роберт Ректорын хийсэн нэгэн сонирхолтой судалгаа бий. Хүний хэрэгцээг эрэмбэлвээс таван үе бүхий гурвалжин байдгийн доод сууринд нь физиологийн анхдагч шаардлага оршдог аж. Хоол, хүнсний гачигдалд орсон хүний дараа, дараагийн хэрэгцээ үхжиж, “хүн хүнээ алддаг” байна. Юун боловсрол, юун соёл, ийм хүний хувьд гол зогоох хоол нь л чухал. Тиймээс “өлсгөлөн” хүн юу ч хийхээс буцахаа байж, эдийн бус, араншны ядууралд өртдөг гэнэ. “Араншны ядуурал нь арчаагүй байдал, ажлын ёс зүйн доройтол, мэдэж, сурах тэмүүллийн хомсдол, гэмт хэрэг, архины дон зэрэг нийгмийн гажгуудын багц юм” гэж Роберт Ректор тайлбарлажээ. 
Тэгвэл Монголд араншны ядуурал газар авсныг мэдэж цөхөх юмгүй. Ажлын байр байсаар байтал ажилгүйдлийн түвшин өндөр байгаа нь нийгмийн тогтолцоо нэг л биш болсныг илтгэх буюу. Монголд ажилгүйдэл гаарч байхад гаднаас ажиллах хүч оруулж ирээд байгаа нь бас л нэгийг өгүүлнэ.  Эдүгээ энгийн монгол хүний сарын дундаж цалин 300 мянган төгрөг байна. Нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1875 орчим төгрөг гэсэн үг. Үүнээс мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө гээд бод доо! Бүтэн цаг ажиллаж олсон мөнгөөрөө хоёр ширхэг талх ч авч чадахгүй байгаа болохоор монголчууд залхуу болчихсон байж магадгүй. Өглөөнөөс үдэш хүртэл ажиллачихаад, цалингаас цалингийн хооронд өл залгуулан амьдрахын оронд гэртээ зурагт үзээд хэвтэх нь зарим хүний хувьд дээр байгаа бололтой.
“Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголын бараа, бүтээгдэхүүний үнэ хөгжингүй орнуудынхтай адил өндөр байна шүү дээ. Гэтэл цалин ямар байгаа билээ? Монголчууд үнэхээр тийм ур чадваргүй байна гэж үү? Тэгвэл яагаад Солонгост очоод сайн ажиллаад, Монголд болохоор тэгж чаддаггүй юм бэ? Миний бодлоор монголчуудын ур чадварт биш, цалин урамшуулалд учир их байна” хэмээн “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осор учирлалаа.
Өнөөдөр БНСУ-ад 30 гаруй мянган монгол хүн ажиллаж байна. Монголын Гадаадад ажиллах хүч илгээх төв өнгөрсөн онд тус улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой 14600 хүнийг бүртгэж, 3000 гаруйг нь зуучилжээ. Харин үлдсэн 11 мянган монгол нь сэтгэлээр унаж, гудамжаар лааз өшиглөн алхаж байж мэднэ. Ийнхүү монголчууд залхуу, чадваргүйгээрээ цоллуулж, цалинтай золгож амжихгүй  явах зуур эх оронд нь гадаад ажилчны тоо нэмэгдсээр. 2002 онд оруулж ирсэн 458 хятад ажилчны тоо 2010 онд 10 мянгаас давсан байгааг сануулах юун.
Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” хэмээн зарласан. Энэ хүрээнд улсын хэмжээнд 60 мянгаас багагүй тооны ажлын байр бий болгох бодлогыг НХХЯ боловсруулаад буй. Харин хөдөлмөрийн зах зээлд бий болсон хачин жигтэй дүр зургийг хэрхэн залруулах талаар бодсон, төлөвлөсөн юм байгаа болов уу? Дээр дурдсан бүх асуудлыг Монголын эдийн засгийн форумын үеэр хэлэлцсэн билээ. “Чуулганаас гарсан шийдлүүдийг Засгийн газар шийдвэр гаргахдаа тусган ажиллана” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амласан. Түүний үг бат оршиж, төр засаг хөдөлмөрийн зах зээлийг тодорхой бодлогоор цэгцлэхийг ажил олгогч эзэд, ажилчид хийгээд ажилгүйчүүд хүлээж буй за.

1 comment: