Pages

Friday, July 1, 2011

Даатгуулагчдын мөнгөөр хөрөнгийн биржээ дархлаажуулъя

“Монголын төмөр зам” компанийн 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдаалах гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн тавдугаар сард цацагдсан билээ. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн хувьд урьд хожид үзэгдээгүй сонин тохиолдол болсон юм. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, хөрөнгийн бирж үүссэн. Одоо бол Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ихэнх нь 1990-ээд оны хувьчлалаас төрсөн “бүтээгдэхүүн” юм. “Багануур”, “Шивээ овоо”, АПУ, “Шарын гол”, “Монголын цахилгаан холбоо”, “Улсын их дэлгүүр” гээд зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч компаниуд бүгд л эртний танилууд билээ. Гэтэл сүүлийн 10-15 жилд бий болсон “Моннис”, MCS, “Петровис”, “Номин” зэрэг томоохон компани хувьцаа гаргаагүй л байгаа шүү дээ. Харин Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх төмөр замын амин судсыг атгаж буй “Монголын төмөр зам” компани дотоодын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох болсон нь түүхийн шинэ хуудас нээж байх шиг. Үүний араас үндэсний компаниудын IPO хөвөрч мэднэ. Гол нь тэдгээр компанид хэн хөрөнгө оруулж чадах вэ? Монголчууд уу, эсвэл...

Гаднынхны тоглолт эрчимжлээ
“Market Vectors”-ын толгой компани буюу Америкийн зургаа дахь том Биржийн сангийн хувьцаа гаргагч “Van Eck” Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх ETF-ийг байгуулахаар төлөвлөж байна. Эрчим хүч, аж үйлдвэр, түүхий эдийн чиглэлийн компаниудын хувьцаанд  уг ETF сангийн хөрөнгө оруулалтыг голчлон зориулах талаар “International Business Times” сэтгүүлд онцолсон байв. Энэ нь Төв Азийн бяцхан хөрөнгийн зах зээл аль хэдийнэ дэлхийн “акулууд”-ын овоо хараанд өртөж эхэлснийг гэрчлэх биз ээ.
Гэхдээ гаднынхан Сүхбаатарын талбайн зэргэлдээ орших жижигхэн ягаан байшинг аль эртнээс анзаарч эхэлснийг гэрчлэх баримт цөөнгүй. 2010 онд шинээр нээлгэсэн иргэдийн дансыг ажиглавал монгол иргэдийн данс 1.9 хувиар, гадаад иргэдийн данс 34 хувиар өссөн үзүүлэлттэй байсан юм. Тэгвэл хуулийн этгээдийн дансны хувьд дотоодын хуулийн этгээдийн данс 7.5 хувиар нэгдсэн бол гадаадынх даруй 28.4 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа нь Монголын хөрөнгийн зах зээлийг гаднын байгууллага, иргэд сонирхож эхэлснийг харуулна хэмээн Үнэт цаасны газрын 2010 оны ажлын тайланд тэмдэглэжээ.
Монголын Топ 20 өнгөрсөн онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй индексээр шалгарсныг сануулах юун. Гэвч хувьцааны ханшийн өсөлтөөрөө дэлхийг алмайруулж байсан манай уул уурхайн компаниудын үнэлгээ хаврын эхэн сараас навс унасныг та бид мэднэ. Энэхүү ханшийн хэлбэлзэл зүгээр ч нэг тохиолдол байсангүй. Хаана ашиг их гарч болохыг отоод сууж байсан гаднынхан манай зах зээлд “халуун мөнгө” цутгаж, ашиг олчихоод эргээд гарч явсан байх магадлалтайг зарим эх сурвалж өгүүлж байгаа юм.
Эдүгээ 200 жилийн түүхтэй Лондоны хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийг дэлхийн жишигт хүргэнэ гэж байгаа. Гэвч монгол худалдан авагчдаа бэлдээгүй байж Монголын хөрөнгийн биржийг мянга сайжруулаад яах билээ? Манай ихэнх компанийн хувьцааг гаднынхан аваад дуусах бус уу? Одоо ч “Шарын гол”, “Багануур”, АПУ гээд Топ 20 индекст багтдаг компаниудын ихэнх нь гадаадын сангуудын нөмөр нөөлгөнд их бага хэмжээгээр орчихоод явж байгаа шүү дээ.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн “түлхүүр”
Яагаад манай компаниуд дахь гаднын нөлөө нэмэгдээд байна вэ? Бид мөнгөгүй, чадалгүй учраас тэр гэж л битгий хэлээрэй. “Монголчуудад боломж байгаа ч түүнийгээ ашигладаггүй нь харамсалтай. Тэтгэврийн сангийн мөнгийг арвижуулах үүднээс хөрөнгийн зах зээлд оруулах нь зөв. Ер нь төрөл бүрийн сангууд санхүүгийн зах зээлийн тоглогчид болох учиртай. Ингэж байж үндэсний институционал хөрөнгө оруулагчид бий болно” хэмээн Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг тэмдэглэсэн юм. Институционал хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлээд байгааг Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд “Mongolian Economy сэтгүүлийн өмнөх дугаарт дэлгэрэнгүй тайлбарласан учир нуршаад яах билээ.
Ер нь санхүүгийн зах зээлийн урт хугацааны эх үүсвэр гол төлөв даатгалын компаниуд, тэтгэврийн сангуудаас бий болох нь элбэг аж. Эднийг л институционал хөрөнгө оруулагч гэж хэлээд байгаа юм. “Даатгал, тэтгэврийн сангууд гадаадад бол хөрөнгийн зах зээлийн хамгийн том тоглогчид байдаг шүү дээ” хэмээн Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар тайлбарласан. Тийм ч болохоор 2011 онд мөнгөний талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлд “Урт хугацааны санхүүгийн эх үсвэрийг бий болгох арга хэмжээ авна” хэмээн заажээ. Урт хугацааны санхүүгийн эх үүсвэр нь хөрөнгийн зах зээл, тэтгэврийн сангуудаас бий болдог. Энэ хоёр нь бие биетэйгээ нягт уялдаа холбоотой байж гэмээнэ аль аль талдаа ашигтай байж чаддаг аж.
Тодруулбал, хөрөнгө оруулалт хийдэг санхүүгийн менежерүүд тэтгэврийн сангийн хөрөнгийг өсгөдөг байна. Яаж тэр вэ? Мэдээж Засгийн газрын бонд, эсвэл хувьцаа худалдаж авна. Ингэснээр нэг талдаа сангийн хөрөнгө арвижиж, нийгмийн даатгалын шимтгэл  төлж байгаа хүмүүсийн мөнгө өснө. Нөгөө талаас хөрөнгийн зах зээл хөгжинө. Гэхдээ ингэж нэг сумаар хоёр туулай харвахын тулд мэдээж маш сайн менежмент хэрэгтэй. 

Бусад орны туршлагаас судлавал...
“Чилийн компаниуд Хонконг, Лондонд хувьцаагаа гаргах хэрэггүй байдаг. Яагаад гэвэл нутгаасаа мөнгө босгох бүрэн боломжтой. Тус улсын хөрөнгийн бирж маш сайн хөгжсөн. Үүнийгээ гадаадын тусламжаар биш, өөрийнхөө хүчээр хийсэн. Учир нь тэдний институционал хөрөнгө оруулагчид чадалтай. Энэ бүхнээс эцсийн дүндээ ард иргэд нь хождог юм” хэмээн “Eurasia capital” группийн захирал Алишер Али тайлбарлав. Чилийн тэтгэврийн систем эдүгээ 140 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Хоёр жилийн дотор гадаад дахь хөрөнгөө 19.3 тэрбумаас 66.5 тэрбум ам.долларт хүртэл огцом өсгөжээ. Ази, Латин Америк зэрэг улс дахь Чилийн нийт хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг нь тус улсын тэтгэврийн систем дангаараа хийдэг ажээ.
Энд мөн Канад улсаар жишээ авч болно. “Ontario Teachers' Pension Plan” сан Онтарио хотын сургуулийн багш нарын тэтгэврийн сангийн мөнгийг санхүүгийн зах зээлд эргэлдүүлэх замаар өсгөдөг  байна. 1989 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Онтариогийн эрх баригчид уг санг удирддаг байсан агаад хөрөнгийн хэмжээг шальтай өсгөж чаддаггүй байж. Харин одоо хувийн компани менежментийг нь атгах болсноор Онтариогийн багш нарын тэтгэврийн хуримтлалыг өсгөж, баярлуулж байгаа гэнэ. Энэ мэтээр тоочоод байвал Норвеги, Япон, Голланд, БНСУ, Канад, АНУ гээд жагсаалт цааш хөвөрнө. “Towers Watson” компанийн хийсэн судалгаанаас үзэхэд дэлхийн томоохон 300 тэтгэврийн сан 2009 онд 11.3 их наяд ам.доллар эзэмшиж байсан аж. 
Харин монголчуудын хувьд хамгийн ойрын хийгээд “будаа идэх” боломжийн жишээ гэвэл Казахстан байна. Тус улсын эрх баригчид 1990-ээд онд залуучуудын тэтгэврийн санг улсаас тусгаарлаад, хөгшчүүдийнхийг төрдөө авч үлдсэн юм. Ингээд Казахстанд хувийн тэтгэврийн, хөрөнгө оруулалтын болон хедже сангууд мэндэлжээ. Жилээс жилд эдгээр нь өсөж томорсноор эдүгээ 90 тэрбум ам.долларын дотоодын хөрөнгө оруулагчийн чадавх бүрдсэн тухай Б.Болд ярьж байв.

Төсвийн цоорхой нөхөх Тэтгэврийн сан
Сар бүр Таны цалингийн 10 хувийг, ажил олгогчоос тань ахиад  10 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд авдаг. Гэхдээ энэ мөнгө хаана ямар хүүтэй хадгалагдаж, ямаршуу хэмжээгээр өсөж, яг хэдэн төгрөг болж байгааг бид мэдэх боломжгүй. Үүнийг бидний өмнөөс төр засгийн эрх баригчид зарцуулна. Та энэ мөнгөө банкинд хадгалсан бол 30 жилийн хугацаанд хэдэн зуун сая төгрөг болтол нь өсгөх бололцоотой юм. Харамсалтай нь Таны энэ их мөнгийг төр луйвардаж байна гэж хэлэх үндэслэл даанч олон бий.
Та насан туршдаа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд, 55 хүрэлгүй нас барчих юм бол “хохь чинь”. Таны бүхий л амьдралынхаа турш хуримтлуулсан мөнгөний жаахан ч болов хэсэг  гэр бүл, үр хүүхдэд тань очдог байсан бол өөр хэрэг л дээ. Үүний хажуугаар Та 20 жилийн турш шимтгэл төлж байж цалингийнхаа 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авна. 30 жил бол 60 хувь, 40 жил бол 75 хувьтай дүйцнэ. Тэр хугацаанд инфляци хэрхэн өсөх, таны авах тэтгэвэр амьдралд тань хүрэлцэх эсэх хэнд ч падлийгүй.  Аймшигтай бус гэж үү?
“Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх хэрэгтэй. Тэтгэврийн санг биеэ даасан болгож, туршлагатай багаар удирдуулах нь зүйтэй. Ер нь хувийн тэтгэврийн сангууд байгуулагдах боломжийг ч хангаж өгөх хэрэгтэй. Ингэвэл дотоодын институционал хөрөнгө оруулагчид бий болохын хажуугаар нийгмийн даатгалын тогтолцоо ч сайжирна” хэмээн MICC-ийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ тэмдэглэв.
Харамсалтай нь манай Тэтгэврийн сан төсвийн цоорхой нөхөхөөс цаашгүй. Нэгдсэн төсвийн тооцооны “Татварын орлого” гэсэн хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл, хураамж орчихсон тууж явах нь энгийн үзэгдэл болоод удаж байна. Засгийн газар энэ маягаар Тэтгэврийн сангаас 2.1 их наяд төгрөгийг та бидэнд мэдэгдэлгүйгээр “хүүгүй зээл” болгон ашиглаж, төсвийн цоорхойгоо нөхөж ирснийг МҮЭХ хоёр жилийн өмнө илрүүлсэн билээ. Зүй нь гэвэл уг санд хуримтлагдсан мөнгө сайд, дарга нарын халаасанд шингээд алга болох биш, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх урт хугацааны эх үүсвэр болох ёстойг мэргэжилтнүүд дахин дахин анхааруулсаар. Ингэж байж та бидний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл хүү төрүүлэн өсөж, хэцүү цагт бидэнд буцаад ирж байх учиртай.

Яаравчлахгүй бол горьгүй нь!
Яагаад Монголын томоохон компаниуд хувьцаа гаргахдаа хойрго байна вэ? Худалдаж авах хүн байхгүйгээс тэр. Монголд институционал хөрөнгө оруулагч алга. Эрэлт үгүй байхад нийлүүлэлт хийх “маанаг” олдох уу? Ийм үед Монголын хөрөнгийн биржийг Лондоны хөрөнгийн биржээр удирдууллаа ч дорвитой үр дүн гарна гэж үү? гэх мэтийн олон асуулт толгой гашилгах аж. За яах вэ, техник технологи, дэд бүтэц нь сайжраад олон улсын түвшинд хүрлээ гэж бодъё. Тэр үед Монголын компаниудын хувьцааг хэн авах вэ? Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж “татварын орлого” болоод явдаг, хувийн тэтгэврийн систем бүрдээгүй, даатгалын компаниуд нь хөрөнгийн зах зээлд хөл тавих боломж, бололцоо нь тааруухан өнөө үед монголчууд лав их хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадахгүй нь тодорхой. Тэгвэл мөнгө ихтэй, менежмент сайтай гадаадын хөрөнгө оруулагчид л Монголын хөрөнгийн биржийн гол “тоглогчид” болох нь гарцаагүй ээ.
Өнөөдөр монгол хүн бүр нэрийн данстай, дансандаа 536 ширхэг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаатай болсон. Гэхдээ гурван монгол хүний нэг нь нэн ядуугийн ангилалд багтаж байгаа өнөө үед үнэгүй авсан хувьцаагаа хүмүүс хамгийн анхны боломжоор зарж, хоногийн хоолоо залгуулах магадал тун ч өндөр байгааг учир мэдэх хүмүүс тайлбарлаж буй. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, зах зээлийн үнэ цэнэ нь тогтох үед арилжаа нээлттэй болно гээд байгаа шүү дээ. Тэр үед манай хөрөнгийн бирж дэх гадаадын хөрөнгө оруулагчдын тоо улам л өссөн байх нь дамжиггүй. Ингээд хувьцааны урсгал гадагш чиглэх аюултайг Б.Болд тэргүүтэй олон мэргэжилтэн сануулж байгаа юм.
Энэ бүхний эцэст гаднынхныг нүд үзүүрлэж, дэмий сүржигнэх гэсэнгүй. Харин ч гадаадын институционал хөрөнгө оруулагчид манайд орж ирэхдээ “ноу хау”-гаа нутагшуулахаас эхлээд олон сайн талтай. Гэхдээ л харийнхнаас хэт хамааралтай болж яавч болохгүй ээ. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн бирж дэх бүх хувьцааг авлаа гэж бодъё. Гэтэл гэнэт дэлхийн зах зээл дэх нүүрс, зэсийн үнэ навс унадаг ч юм уу, ямар нэгэн байдлаар Монгол Улс моодноос гарвал гаднынхан “Bye bye” гээд л бууцна. Манай бирж үхмэл байдалдаа эргээд л орно. Тиймээс л дотоодын институционал хөрөнгө оруулагчдыг бий болгох ёстойг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.
“Дугуйг цоо шинээр зохион бүтээх гэж дэмий хийрхэхийн оронд дугуйтай болсон амжилтыг нь хуулъя” хэмээн Ерөнхий сайд хэлж байв. Тэгвэл үндэсний институционал хөрөнгө оруулагчдыг бий болгохын тулд шинэ зүйл зохиох шаардлагагүй, зүгээр л Казахстаны туршлагыг нэвтрүүлж болох ажээ. Ийнхүү нийгмийн даатгалын системийг насны эрэмбээр зохицуулалт хийж чадвал хувийн тэтгэврийн сангууд хөгжиж, шимтгэл төлөгч залуучуудын мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлж болох буюу. Товчхондоо, даатгуулагчдын мөнгөөр хөрөнгийн биржээ дархлаажуулж болох нь. “Эхэндээ жаахан мөнгө байх ч жилээс жилд залуучуудын тэтгэврийн мөнгө нэмэгдээд л явна. Тэгээд 10 жилийн дараа Монголын залуучууд дотоодын төдийгүй олон улсын арилжаанд оролцох чадвартай болохыг үгүйсгэхгүй” хэмээн Б.Болд тэмдэглэсэн билээ.



2 comments:

  1. Сайхан л бичсэн байна. Гэхдээ КАзакстан чинь хаант засаглалтай орон. Б.Болдийн яриад байгаа чинь бас хоэр талтай. Манайхан аль нэг банкинд ажиллаж байсан гэхээр л лаг гээд боддог би бол тэгж бодохгүй байна. Энрон гэж компаний түүх бий их л гунигтай юм болсон. Ямар сайндаа л Жим Керри кино хийсэн байхав дээ. Аливаа нэг Монгол компани зах зээлд IPO босгох гэхээр худалдан авах хүн байх тэр нь заавал сангуудаас бүрдэх эстөй гэдэг чинь харин зөв биш. Саяхан хувьцаа гаргасан хоер банкаа хар. За тэгээд сүүлийн үед байгуулагдаад IPO босгосон жишээ зөндөө Монголчууд авсан хаширсан. Б.Болд бас хөрсөндөө буух хэрэгтэй л дээ.

    ReplyDelete
  2. Хөрөнгийн зах зээлд даатгал нэвтрүүлж болох боловуу. тэр хувьцааг нь даатгаад өгчихвөл хүмүүс айх аюулгүй худалдаж авах байх

    ReplyDelete