Pages

Tuesday, March 29, 2011

“ЭВ САНААНЫ НЭГДЭЛ” ХЭМЭЭХ ТӨРИЙН ЛУЙВАР


Иргэн та юуны тулд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ? Эрүүл саруул, эрч хүчтэй байхдаа хуримтлал үүсгээд, өвдөж зовж, хөгшрөх үедээ түүнээсээ авахын тулд бус уу? Үүний л тулд нийгмийн даатгал оршдог. Сар бүр таны цалингийн 10 хувийг, ажил олгогчоос тань ахиад 10 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд авдаг. Таны хөдөлмөрлөөд олсон орлогын 20 хувийг төр буцааж өгөх нөхцөлтэйгээр авч байгаа хэрэг. Энэ хураамжийн нэг хувийг таны тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд, үлдсэн 14 хувийг тэтгэврийн даатгалд суутгаж байгаа юм. Та орлогынхоо 20 хувийг 30-35 жилийн турш cap бүр хураалгана...

Өнөөдөр дундаж орлоготой монгол хүн 300 мянган төгрөгийн цалинтай гэж бодъё. Тэгвэл энэ хүн сар бүр нийгмийн даатгалын шимтгэлд өөрөөсөө 30, ажил олгогчоосоо 30 мянга буюу нийт 60 мянган төгрөг өгч байгаа юм. Гэхдээ энэ мөнгө хаана ямар хүүтэй хадгалагдаж, ямаршуу хэмжээгээр өсөж, яг хэдэн төгрөг болж байгааг бид мэдэх боломжгүй. Үүнийг бидний өмнөөс төр засгийн эрх баригчид зарцуулна.
ТАНЫ НАСАН ТУРШИЙН ХУРИМТЛАЛ ЮУ Ч БИШ ГЭЖ ҮҮ
“Зарим оронд тэтгэврийн хуримтлалаа барьцаалаад банкнаас зээл авч болдог. Даатгуулагч нас барлаа гэхэд хуримтлал нь хүүхдүүдэд нь очдог” гээд асуултаа эхлэх гэтэл минь Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтэн “Таны сар бүр төлсөн 60-хан мянган төгрөг юу юм бэ? Жилдээ 720 мянган төгрөг, таван жилийн дараа ердөө 3.6 сая төгрөг болно. Энэ мөнгийг барьцаалж банкнаас зээл авна гэж юу байх вэ дээ” гэдэг байгаа. Тийм ээ, өнөөдөр манай тэтгэврийн хуримтлалд хүү бодогддоггүй. Энэ чинь л гол асуудал байгаа юм. Сарын 60 мянган төгрөг бага мөнгө гэж үү? Та энэ мөнгөө банкинд хадгалсан бол өөр хэрэг. Арилжааны банкуу даас харахад хамгийн урт хугацаат хуримт лал үүсгэх боломжийг зөвхөн хүүхдэд зориулсан хадгаламж л бий болгож байна.
Тухайлбал, “Хас” банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийг авч үзэхэд сар даа 20 мянган төгрөгийн шимтгэл төлж, тэр нь 18 жилийн дараа 23 сая төгрөг болно гэж байгаа.
Та энэ хугацаанд хүүхдэдээ зориулж ердөө 4.3 сая төгрөг хийсэн ч хүүгээс хүү бодогдоод, банк танд нийт 19 сая төгрө гийн хүү төлж байгаа юм. Энэ нь урт хугацааны хадгаламж учраас 16.8 хувийн буюу хамгийн өндөр хүүг амлаж буй. Тэгвэл таны сар бүр төлдөг 60 мянган төгрөгийг ийм хэмжээний хүү тооцож бодвол 30 жилийн дараа хэд болох бол? 599 сая төгрөг гэж гарч ирж байна.
Итгэмээргүй байгаа биз? Таны энэ их мөнгийг төр луйвардаж байна гэж хэлэх гурван үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, та насан туршдаа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд, 55 хүрэл гүй нас барчих юм бол хохь чинь! Таны бүхий л амьдралынхаа турш хуримтлуулсан мөнгөний жаахан ч болов хэсэг гэр бүл, үр хүүхдэд тань очдог байсан бол өөр хэрэг л дээ. Хоёрдугаарт, өнөөгийн хуулиар бол даатгуулагч 20-иос доошгүй жилийн хугацаанд тасралтгүй шимтгэл төлснөөр л нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсдэг юм.
10-20 жил төлсөн тохиолдолд хувь тэнцүүлэх тэтгэмж авна. Хэрвээ есөн жил төлчихөөд, амьдралын эрхээр гэртээ суувал... Уучлаарай, та хэзээ ч тэтгэвэр авч чадахгүй нь. Гуравдугаарт, та 20 жилийн турш шимтгэл төлж байж цалингийнхаа 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр авна.
30 жил бол 60 хувь, 40 жил бол 75 хувьтай дүйцнэ. Тэр хугацаанд инфляц хэрхэн өсөх, таны авах тэтгэвэр амьдралд тань хүрэлцэх эсэх хэнд ч падлийгүй. Аймшигтай бус гэж үү? Хэдэн хүн ингэж луйвардуулж байна вэ? Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний есөн сард 516.6 мянган хүн шимтгэл төлсөн байна шүү дээ.
ТЭТГЭВРИЙН САНГИЙН МӨНГИЙГ ҮРЭХ БИШ, ӨСГӨХ УЧИРТАЙ
Соёлтой орнуудын иргэд бол насны эцэст хэрэглэх хөрөнгийг нь яаж өсгөж байгаа учиртай талаарх мэдээллийг тогтмол авч, нийгмийн даатгалын хуримтлалаа өвдөж зовбол хэрэглэх баталгаа гэж үзэн, сэтгэл тэнүүн ажиллаж, амьдардаг. Чили улсад л гэхэд энэ мөнгийг тодорхой хүүтэй өсгөхийн тулд дотор нь хэд ангилж, хөрөнгө оруулалтын сан байгуулан Засгийн газрын бонд, тодорхой компаниудын үнэт цаас худалдаж авдаг тухай эдийн засагч Д.Жаргалсайхан бичиж байсан. Ер нь санхүүгийн зах зээлийн урт хугацааны эх үүс вэр гол төлөв даатгалын компаниуд, тэтгэврийн сангуудаас бий болох нь элбэг аж.
“Даатгал, тэтгэврийн сангууд гадаадад бол хөрөнгийн зах зээлийн хамгийн том тоглогчид байдаг шүү дээ” хэмээн Монголбанк ны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар ярьж байна. 2011 онд мөнгөний талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлд “Урт хугацааны санхүүгийн эх үсвэрийг бий болгох арга хэмжээ авна” хэмээн заажээ. Урт хугацааны санхүүгийн эх үүсвэр нь хө- рөнгийн зах зээл, тэтгэврийн сангуудаас бий болдог. Энэ хоёр нь бие биетэйгээ нягт уялдаа холбоотой байж гэмээнэ аль аль талдаа ашигтай байж чаддаг аж. Тодруулбал, хөрөнгө оруу лалт хийдэг санхүүгийн менежерүүд тэтгэврийн сангийн хөрөнгийг өсгөдөг байна. Яаж тэр вэ? Мэдээж Засгийн газрын бонд, эсвэл хувьцаа худалдаж авна.
Ингэснээр нэг талдаа сангийн хөрөнгө арвижиж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн мөнгө өснө. Нөгөө талаас хөрөнгийн зах зээл хөгжинө. Гэхдээ ингэж нэг сумаар хоёр туулай харвахын тулд мэдээж маш сайн менежмент хэрэгтэй. “Одоо Монголын хөрөнгийн биржид байгаа нийт хувьцааны ихэнхийг нь гадаадын хөрөнгө оруулагчид авч байна. Монголчуудад боломж байгаа ч түүнийгээ ашигладаггүй нь харамсалтай. Тэтгэврийн сангийн мөнгийг арвижуулах үүднээс хөрөнгийн зах зээлд оруулах нь зөв болов уу. Ер нь төрөл бүрийн сангууд санхүүгийн зах зээлийн тоглогчид болох учиртай.
Ингэж байж үндэсний институциональ хөрөнгө оруулагчид бий болно” хэмээн Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг тэмдэглэсэн юм. 2002 онд Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль батлагдсан. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийн хөрөнгийг Нэгдсэн төсвийн нэгэн бүрэлдэхүүн гэж тусгажээ.
Эдүгээ нийгмийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг улсын төсөвт нэгтгэн зарцуулах болсноор шимтгэл төлөгчдийн хөрөнгө арвижихгүй байгаа юм. Засгийн газар тэтгэврийн сангаас 2.1 их наяд төгрөгийг та бидэнд мэдэгдэлгүйгээр “хүүгүй зээл” болгон ашигласныг МҮЭХ хоёр жилийн өмнө илрүүлсэн. Энэ мөнгө хөрөнгийн зах зээлд эргэлдсэн бол одоо хэдэн төгрөг болох байв аа?
ЛУЙВРЫН ТОГТОЛЦООГ ӨРСӨЛДӨӨН ЦЭВЭРШҮҮЛНЭ
Манай нийгмийн даатгалын тогтолцоо яагаад ийм лойчихсон байгаа юм бол оо? Ямар ч өрсөлдөөн байхгүй, төрийн ганц монополь байгаагаас тэр гэж хариулах хүн цөөнгүй ажээ. “Өрсөлдөөн гэдэг чинь хөгжил шүү дээ” хэмээн Ө.Ганзориг тодотгоод, “Хувийн хэвш - лийнхэн энэ зах зээлд орж ирэх хэрэгтэй. Тэгвэл одоогийн тогтолцоог цэвэршүүлнэ” гэлээ.
Эдүгээ Монголд “National Life” хэмээх ганц компани л амьдралын даатгалын үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанийн тэтгэврийн даатгалын тухай танилцуулгаас жишээ болгож авсан нэг тооцоог сонирхсон юм. Иргэн “А” 40 наснаасаа эхэлж сар бүр 48 мянган төгрөг төлөөд, 60 наснаасаа сарын 200 мянган төгрөгийн тэтгэвэр авах юм байна. Даатгуулагч тэтгэвэр авч эхлэхээс өмнө хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, эсвэл нас барсан тохиолдолд тэтгэврийн хуримтлал болох 18.7 сая төгрөгийг гэр бүлд нь олгоно хэмээн тус компанийн танилцуулгад дурджээ.
Энэ бол Монголд тэтгэврийн даатга лын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй анхны хувийн компани. Цаашид ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж олон болж, өргөжин тэлж, өрсөлдөөн бий болгох учиртай. Үүнийг дагаад нийгмийн даатгалын салбар ч, санхүүгийн зах зээл ч сайжрах жамтай. Хөгжингүй орнуудад хүн бүр нийгмийн даатгалтай байна гэдгийг хуульчилсан ч хувийн компаниар даатгуулах уу, хувьсгалынхаар даатгуулах уу гэдгээ иргэд нь өөрсдөө шийддэг ажээ.
Аль нь танд тохиромжтой вэ, та тааллаараа сонгоно. Нийгмийн даатгал гэдэг чинь та л ирээдүйгээ баталгаажуулж, өөрөө өөрийнхөө төлөө бий болгож буй хуримтлал гэсэн үг шүү дээ.
Шимтгэл төлөгч тэтгэвэр авч амжилгүй нас барсан тохиолдолд түүний хуримтлалыг үр хүүхдүүд нь өв залгамжлан авах шаардлагатай. Та заавал 10- 20 жил биш, шимтгэл төлсөн л бол хуримтлалаасаа авах эрхтэй бо лох ёстой. Ихэнх оронд ийм л байдаг. Харин манайд бол үгүй. Үүнийгээ төр засгийнхан, НХХЯныхан “эв санааны нэгдлийн тогтолцоо” хэмээн тайлбарлаж байна. “Энэ бол хамгийн шударга зарчим” гэж сургаж байна.
Тэгвэл нэг жишээ авч үзье. Ажил хийж байгаа хүмүүс гэртээ авчрах орлогынхоо дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд өгдгийг дээр дурдсан. Харин малчин, оюутан, ажилгүй иргэд бүтэн жилийн турш ердөө 6000 төгрөг л төлөх үүрэгтэй. Гэтэл хэн хэдий хэмжээний мөнгө өгсөн нь хамаагүй, бүгд л жилдээ 1.2 сая төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ авах эрхтэй болдог. Сардаа 500 төгрөг хураалгах хүн байхад 50 мянган төгрөг төлж буй хүн ч бий шүү дээ. Энэ шударга хэрэг үү? Энэ бол “эв санааны нэгдлийн тогтолцоо”.
1999 оны тавдугаар сард УИХ “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталсан. Уг бичиг баримтад иргэдийн тэтгэврийн санд төлсөн шимтгэлээ өсгөж, бүрэн авах сонирхлыг нь хөхиүлэн дэмжих, даатгалын хуримтлалыг эдийн засгийн идэвхтэй хөгжлийн бодлоготой уялдуулах тухай заасан байдаг. Гэтэл бодит амьдрал дээр энэ нь ажил хэрэг болж байна гэж үү?
Уг нь манай улс нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжсэн санаатай. Энэ хүрээнд 1960 оноос хойш төрсөн хүн бүрт нэрийн данс нээгээд хэдэн жил болж байгаа ч хүмүүс дансан даа хэдэн төгрөг байгааг мэддэггүй, сонирхдоггүй. Тэр мөнгө ер нь байгаа эсэх нь эргэлзээтэй.
Яагаад гэвэл Тэтгэврийн сангийн мөнгийг өсгөх бус, үрэн таран хийхэд л төр, засаг анхаарч байна. Энэ бүхнээс үзэхэд нийгмийн даатгалын тогтолцоог нэг мөр цэгцлэх цаг иржээ.
Та эрүүл саруул, эрч хүчтэй байхдаа шимтгэл төлж, хуримтлал үүсгэсэн бол эргээд түүнийгээ хэцүү үедээ захиран зарцуулах эрхтэй байх ёстой. Харин буцаан авах үед таны хуримтлал хоргодсон биш, хоосорсон биш, хэд дахин нэмэгдсэн байх учиртай.

No comments:

Post a Comment