Pages

Friday, May 27, 2011

SOS биш ээ! Зүгээр л сануулга...

Хойд хөршийн гэнэтийн шийдвэр манай таксины жолоочоос эхлээд Төрийн тэргүүнийг хүртэл сандаргаж дөнгөв. ОХУ бензиний экспортоо зогсоох шийдвэр гаргасныг дуулангуутаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл даруй  хуралдаж, сайд дарга нар “орос ах нар” луугаа утас цохин, хэвлэлийнхэн Газрын тосны газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам хийгээд импортлогчдын хаалгыг хэдэн өдрөөр манаж суух шив дээ. Тэгээд “Оросын хориг Монголд үйлчлэхгүй гэнэ ээ” гэсэн алт шиг сайхан мэдээг дуулангуутаа дор дороо тайвширцгаасан нь бүр ч хөөрхийлөлтэй. Тавантолгойн “ялагч”-ийг өнөө маргаашгүй зарлах гэж буй, тус ордын  нүүрсийг зөөх төмөр замын асуудал шийдэгдэж байгаа  энэ чухал цаг үед ОХУ бидэнд бензин өгөхгүй байж чадна гэж үү? 

Монголд юу болов?
ОХУ тавдугаар сарын 1-нээс нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох тухай мэдээлэл цацагдсан даруйд л манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, нефтийн бүтээгдэхүүний импортын талаар авч хэлэлцсэн юм байх. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь гадаадаас хангадаг, түүнийхээ 90 гаруй  хувийг ганцхан хойд хөршөөсөө авдаг Монгол Улсын хувьд оросуудын шийдвэр зүрхний шигдээс авчрах дөхсөн нь ойлгомжтой.
Дөрөвдүгээр сарын сүүлчийн өдрүүдэд монголчууд  шатахуун тойрсон асуудлаар “амьсгалав”. Ядаж байхад барилга, зам засвар, уул уурхайн ажил эрчимжиж, хамгийн гол нь хаврын тариалалт эхэлж түлш, шатахууны хэрэглээ тэнгэрт хаддаг үеэр оросууд бензинээ “харамладаг” нь ч юу вэ дээ?
Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа Одоогоор манай улсад шатахууны хангалттай нөөц бий” хэмээн бардам хэлж суух зуур Монгол Улсын эрх баригчид ОХУ-ын Засгийн газраас  тодруулга авч амжсан тухай хэвлэлүүд шуугив. Тэгээд “ОХУ-ын Засгийн газрын экспортоо зогсоох тухай шийдвэр Монгол Улсад хамаарахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс манай улс өмнөхийн адил тус улсаас шатахууны хэрэгцээгээ хангах боломжтой” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү хэлсэн. Ингээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, салбарын яам болоод тэднийг шалгааж байсан сэтгүүлчдийн  ч сэтгэл амарчээ. Гэтэл импортлогчид сюрприз барив! Тайван нойрсоод босоод ирсэн чинь бүх төрлийн түлш, шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдчихдэг байгаа! Тэгээд яав? Мэдээж “буруутны” эрэлд гарав. “Ах нар” бид нарыг тусгайлан харж үзээд байхад энэ муу импортлогчид больмоор юм гэх мэдээлэл энд тэндгүй цацагдаж гарах нь тэр. Эрх баригчид ч хойд хөршөө “найрч”, тусгай эрх авсан юм болохоороо додигор сууна. Нийгмийн бухимдал импортлогчдыг чиглэж, “хадны мангаа” хэмээн цоллоно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газар ч яаж зүгээр суух вэ, мэдээж импортлогчдыг шалгаж эхэлсэн. “Үгсэн хуйвайлдаж, үнээ нэмсэн муу сайн импортлогчдыг шийтгээч ээ” хэмээн сэтгүүлчид үг, үзгээ уралдуулна.

Оросод юу болов?
Нефтийн нөөц хийгээд олборлолтоороо дэлхийд толгой цохидог ОХУ-ын ард түмэн “төмөр хүлгээ” тэжээх хоолгүй болж орхилоо. Алтайн хязгаараас эхэлсэн бензиний хомсдол нүд ирмэхийн зуур энэ орны олон арван мужид халдварлаж, хямрал дагуулахад хүрсэн нь сонин. Ядаж байхад өдрөөс өдөрт түлш, шатахууны үнэ өсөөд байхаар газрын тосоор даанч баян орос үндэстэн бухимдах нь аргагүй ээ. 
Энэ асуудлын учиг бүр он солигдох мөчөөс л эхлэлтэй  аж. 2011 оны эхний өдрөөс ОХУ-ын нутаг дэвсгэрт зөвхөн “Евро 3” стандартын бензин зарах шаардлагыг Засгийн газар нь тавьсан юм байх. Уг нь нутаг нэгтнүүдээ өндөр чанартай түлш, шатахуун хэрэглээсэй гэсэндээ гаргасан дээрх шийдвэр удалгүй бензиний хямрал дагууллаа. Учир юу гэвэл “Евро 3” стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг ОХУ-ын цөөнгүй нефть боловсруулах үйлдвэрийн хувьд амаргүй даваа байжээ. Хаалгаа бариад техник, технологийн шийдэл эрсэн үйлдвэрүүдээс болоод зах зээлд бензиний хомсдол нүүрлэсэн гэнэ. Тэгээд мэдээж үнэ нь талийв.  Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бензиний үнийг зохицуулахын тулд Засгийн газар нь өнгөрсөн хоёрдугаар сараас ханшийг зохиомлоор хазаарлаж эхэлжээ. Ингээд ихэнх шатахуун түгээх станц “дарамтлуулсан” үнээр бүтээгдэхүүнээ борлуулахад хүрэв. Аль нэг монополийн ивээлд багтдаггүй хараат бус шатахуун түгээх станцууд сул зогсохоос аргагүй боллоо. Яагаад гэвэл бензинээ экспортлох нь дотоодын зах зээлд хямд үнээр зарснаас хавьгүй дээр буюу тонн тутамд 2000-3000 рублийн ашигтай байсан тул монополь компаниуд бүтээгдэхүүнээ гадагш зөөхийг илүүд үзжээ. Тус улсын Эрчим хүчний яамны мэдэгдсэнээр нефтийн бүтээгдэхүүний экспорт 67 хувиар өссөнөөс л бензиний хямрал нүүрлэсэн байна. Тэгээд энэ байдлаас гарахын тулд толгойд орсон ганц арга нь экспортоо хориглох явдал байлаа...
Нефтийн компаниуд тавдугаар сараас бүтээгдэхүүнээ гадагш гаргахгүй гэсэн ам өчгөө эрх баригчдадаа өгсөн тухай Оросын Эрчим хүчний сайдын орлогч  Сергей Кудряшов мэдэгдсэнийг “РИА Новости” мэдээлсэн юм. Гэсэн ч энэхүү “дипломат” хэлэлцээг төрийн төмөр нударгаар “тамгалах”-ын тулд  тавдугаар сарын 1-нээс нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа 44 хувиар огцом өсгөж, тонн тутамд 408.3 ам.доллар болгох тухай тус улсын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд мэдэгдсэн билээ. Энэ зохицуулалт хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус байгаа ч 2-5 сарын хугацаанд лав үйлчлэх төлөвтэйг учир мэдэх хүмүүс ярьсныг “Ведомости” сонинд онцолсон байна. 
АИ 92 маркийн бензиний зах зээлийн ханш  өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд 18.8 хувиар огцом өссөн тухай “Интерфакс” мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын 10-нд 23600 рубль байсан нэг тонн АИ 92 маркийн бензиний бөөний үнэ тавдугаар сарын 5-нд 28900 рубль болтлоо цойлсныг https://www.eoil.ru/ цахим хуудаснаас харж болох юм. ОХУ-ын монополийн эсрэг байгууллага буюу ФАС нефтийн компаниудаа шалгасаар, юу ч олж долоогоогүй хэвээр л... АИ 92 маркийн бензин хойд хөршийн зарим мужид 28 рубльд (ойролцоогоор 1260 төгрөг) хүрсэн бөгөөд тэнгэр чиглэн өсөх төлөвтэй үнэ  цаашид ч хадгалагдах хандлагатай гэсэн мэдээлэл Оросын хэвлэлүүдийн тэргүүн нүүрт ярайсаар л... Бас л буруутныг эрнэ. Оросуудын хувьд бол “хадны мангаа” нь нефтийн монополиуд буюу “Роснефть”, ЛУКОЙЛ, ТНК-ВР, “Газпром нефть” зэрэг компани юм.

Жинхэнэ парадокс!
Монголбанкнаас гаргасан гадаад худалдааны тоймоос үзэхэд өнгөрсөн жил манай улс 678 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн оруулж ирсэн нь нийт импортын 20.7 хувийг эзэлж байна. Ингээд бодохоор түлш, шатахууны үнийн хэлбэлзэл манай эдийн засагт асар ихээр нөлөөлөх чадалтай. Гэтэл мөн хугацаанд бид хоёр сая 78 мянган баррель түүхий нефть экспортолсон нь 154.9 сая ам.доллар болжээ. Эх орондоо дусал ч бензин үйлдвэрлэдэггүй Монгол орны экспортын гол нэрийн барааны тоонд газрын тос нэлээд дээгүүр давхиж  явааг юу гэж ойлгох вэ? Сүүлийн жилүүдэд манай орны түүхий нефтийн олборлолт, экспорт тогтмол нэмэгдэж ирснийг графикаас харахад ойлгомжтой биз ээ.
ОХУ-ын Засгийн газар  нефтийн экспортын татвараа сар бүр шинэчлэн тогтоохдоо Urals маркийн түүхий нефтийн дэлхийн зах зээлийн ханшийг харгалзан үздэг. Он гарсаар “хар алт”-ны үнэ тогтвортой өсөж буй тул дээрх татварын хэмжээ ч сар бүр нэмэгдэж, тэр хэрээр манай эрх баригчид толгойгоо гашилгаж ирсэн нь үнэн. Засгийн газар маань дотоодын зах зээлд үнийн тогтвортой байдлыг хадгалж үлдэхийн тулд Оросуудын тогтоосон татварын хэмжээнээс шалтгаалан импортын автобензин, дизель түлшний онцгой албан татвараа дээш, доош хөдөлгөсөөр өдий хүрсэн. Гэтэл “ах нар” гэнэтийн бэлэг барьж, татварын хэмжээгээ 44 хувиар огцом өсгөсөн юм болохоор манай эрх баригчид онцгой албан татвараа тэгэлсэн нь ойлгомжтой. Тэглээ гээд үнэ цаашид өсөхгүй, нефтийн нийлүүлэлт баталгаатай байна гэдгийг хэн хариуцах юм бэ? Оросууд өөрсдөө үнээ тогтоож дийлэхгүй байгаа өнөө цагт монголчууд түлш, шатахуунаа хямд авах баталгааг хэн өгөх юм бэ, манай Засгийн газар уу?
Өнгөрснийг нэхэн саная. 2008 оны хавар нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөж эхэлмэгц импортлогчдыг татвараас чөлөөлж, татаас ч өгсөн удаатай. Тэглээ гээд үнэ өсдгөөрөө өссөн. Дэлхийн зах зээлд, тэр дотроо Оросод ханш нэмэгдээд эхлэхээр эх орондоо дусал ч бензин үйлдвэрлэдэггүй, 100 хувь гаднаас хараат манай орон бензиний үнийн тогтвортой байдлаа хангаж чадах уу?

Энд гарц байна...
Дотооддоо шатахуун нэрэх, нүүрснээс шингэн түлш гаргах зэрэг технологийг нэвтрүүлэх тал дээр анхаарах цаг хэдийнэ ирснийг Оросын бензиний хямрал, түүнээс үүдсэн Монголын бужигнаан гэрчлэх биз ээ. Санхүү, эдийн засгийн хямралаас өмнө буюу нефтийн бүтээгдэхүүний үнэ асар нэмэгдэх үед дээрх үйлдвэрүүдийг яаралтай барих хэрэгтэй хэмээн амтай болгон ярьж байсныг санаж байна. Гэвч сонин дээрээ соохолзоно гэгчээр үнэ буураад эхэлмэгц мартагдсан буюу. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд газрын тос боловсруулах үйлдвэр, кокс химийн үйлдвэр байгуулна л гээд байгаа. Цаасан дээр “амилсан” дээрх сайхан нэрс амьдрал дээр хэзээ биелэх юм бол доо?
Монголын аж үйлдвэрийн корпораци Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын “Thyssen Krupp”-ын салбар “Uhde” компанитай хамтран ажиллаж, техник, эдийн засгийн үндэслэлээ хүртэл бэлэн болгоод гурав дахь жилтэйгээ золгож байна. Төв аймгийн Баян сумын Төгрөг нуурын ордод түшиглэн барихаар төлөвлөсөн эл үйлдвэр Coal-to-Liquid буюу CTL технологийн дагуу жилдээ нэг сая тонн бензин, дизель түлш гаргах хүчин чадалтай байх тухай танилцуулж байв. Өөрөөр хэлбэл, бид дотоодын хэрэгцээгээ хангаж чадах юм. Монголын аж үйлдвэрийн корпорацийнхны хэлснээр уг үйлдвэр жилдээ 1.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн бий болгож, Монгол Улсын ДНБ-ийг 20-25 хувиар өсгөхөөр байв. Үүний хажуугаар газрын тосны үйлдвэр нэг биш, нэлээд хэд баригдах сурагтай байсан, яав? Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Японы  “Тоёо Инженеринг” болон “Марубени” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч, Дархан-Уул аймагт нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлтэй танилцаж байх зуур Ерөнхий сайд С.Батболд 2014 он гэхэд Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр барина хэмээн ам гарч явсан санагдах юм. 2004 оноос хойш салбарын яаманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар тавьсан 13 төсөл, санал байдаг гэх юм билээ.
Дархан-Уул аймагт япончуудтай хамтран газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг “Монголсэкию” компани аль эртнээс хөөцөлдөж, 2007 онд тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Тэгээд 2012 онд үйлдвэр ашиглалтад орно гэж байсан нь мэдээж худлаа болсон. Харин өнгөрсөн оны сүүлчээр тус компани Японы “Тоёо Инженеринг” болон “Марубени” корпорацитай гэрээ байгуулж, түүнийг нь төр, засгийн эрхмүүд хүртэл сайшаан баяр хүргээд байсныг бодоход бага ч гэсэн найдлага төрнө. Өдөртөө 44 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг энэ онд эхэлж, 2014 онд ашиглалтад оруулах учиртай. Уг үйлдвэрийг 600 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулах тухай манай хэвлэлийнхэн мэдээлж байсан.
Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ нэг хувиар өсөхөд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 0.1 хувиар буурна гэсэн тойм тооцоо байдгийг мэргэжилтнүүд ярьдаг. Гэтэл монголчуудын түлш, шатахууны хэрэглээ улам нэмэгдсээр. 2003 онд бид 441 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолж байсан бол өнгөрсөн жилийн байдлаар энэ үзүүлэлт ХХХ мянган тоннд дөхөж очжээ. Эдүгээ уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ улам л нэмэгдэх төлөвтэй. Хамгийн “даруухнаар” бодоход л 2012 онд 1.1, 2015 он гэхэд 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан нь бий. Энэ хэрэгцээгээ бид яаж хангах вэ, хойд хөршөө л царайчлах уу?
Түлш, шатахуун нь стратегийн чухал ач холбогдол бүхий эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч бүтээгдэхүүний нэг юм. “Монголчууд болж өгвөл дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг, болохгүй бол ядахдаа 30 хувийг өөрсдөө хангах хэрэгтэй” хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Хөгжил, хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Ганбаатар онцолж байв. Энэ ч утгаараа “Made in Mongolia” гэх шошготой шатахуун монголчуудын хувьд мөрөөдөл болоод удаж буй. Гэтэл Хүний хөгжил сангаас гаргаж буй 805.2 тэрбум төгрөгөөр нефть боловсруулах үйлдвэр байгуулчихаад, хэнийг ч царай алдалгүй додигор суух боломж бидэнд уг нь байжээ.  Нөгөө талаас “Нүүрсний Саудын Араб” хэмээн Роберт Фрийдландаар өргөмжлүүлсэн Монгол орон нүүрсээ ашиглаад түлш, шатахуун, хий гаргаж авах технологи хэдийнэ бий болсныг эрх баригчид сайн мэднэ дээ.
Газрын тос болоод нүүрсээ түүхийгээр нь асар хямд үнээр гаргачихаад, өөрсдөө өндөр ханштай шатахуун авч хэрэглэсээр байх гэж үү?  Тэгээд оросууд “шогтох” вий гээд дагжин чичирч суух уу? Энэ байдал үргэлжлэвээс үүцээ задалж, үсрэнгүй хөгжилд хүрнэ гэсэн монголчуудын найдвар хоосон мөрөөдөл болоод замхрах биз ээ. Оросын Засгийн газрын шийдвэр Монголд нөлөөлөөгүй, SOS зарлаад байхаар зүйл болоогүй нь үнэн. Гэхдээ энэ нь бидний хувьд нэгэн сануулга өгч байгаа бус уу? Сэрүүлэг дуугарлаа. Түлш, шатахууны хараат байдлаас гарах цаг болжээ.

2 comments:

  1. Munkhjin ih zub bichsen bna. Gas gej saihan um bnas hddee humuusee. Bi odoo gasiig 950 turuguur avch bna. nadad sanaa zovoh zuil alga. Yagaad gevel gas tasraagui.

    ReplyDelete
  2. монголын засгийн газар энэ талаар бодож үзсэн ашиггүй ажилгаатай нефтийн үйлдвэр гээд барихаа больсон гэж дуулдаж байна лээ. Монголын төрд санхүү эдийн засгийн мэдлэгээрээ оюутнуудаас илүү гарахгүй хүмүүс суудаг юм уу. эсвэл Ашиг гэдэг нь өөрсдийнх нь халаасанд орох мөнгийг хэлээд байна уу гэдэг л байлаа.

    ReplyDelete