Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна.
-Хятадын цагаан хэрэм дээр Ричард М.Никсоны хэлсэн үг-
Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна.
-“Монголчууд нүүдэл суудал” номын зохиогч Баабарын үг-
“Монголчууд нүүдэл суудал” номын тэргүүн хуудсанд ярайх дээрх үгс сэтгэл хөдөлгөж, “Би монгол хүн шүү” гэдгээрээ бахархах сэтгэлийг гижигдэж билээ. Тийм ээ, бид монголчууд, бидэнд ч аугаа их ирээдүй байгаа нь лавтай. Гэхдээ тэр ирээдүйг бид яаж бүтээх вэ? Өнөөдөр монголчууд үүцээ задалж, үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн баярлаж байна. Бултаараа уурхайчин болоод баяжих мөрөөдөлдөө автаад элдвийг эргэцүүлэх завгүй байх зуур эрдэс баялгийн салбар манай ДНБ-ий 30, экспортын 85 гаруй хувийг бүрдүүлж, Монголд ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг залгих боллоо. Чингисийн Монгол зэс, алт, нүүрсний Монгол болжээ. Дэлхийн талыг эзэгнэж байсан аугаа их түүхтэй манай орон өнөөдөр Оюутолгой, Тавантолгойгоороо бөмбөрцгийн анхаарлыг татах аж. Үүнийг дагаад манай нутагт их мөнгө урсаж ирэх болсон нь сайн л хэрэг. Гэхдээ баялгийнхаа ачаар баяжсан орнууд байхад баларсан орны жишээ ч мундахгүй бий. Тиймээс аугаа их ирээдүйг бий болгохын тулд бидэнд зөв удирдлага, зөв бодлого хэрэгтэй.