Pages

Tuesday, June 28, 2011

Уул уурхай “утаагүй үйлдвэрлэл”-ийг сөнөөх нь...

Ийм бахархал болсон хэрмийг байгуулсан ард түмэн аугаа их түүхтэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна.
-Хятадын цагаан хэрэм дээр Ричард М.Никсоны хэлсэн үг-
Ийм бахархал болсон хэрмийг бариулахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй аугаа их түүхтэй байж таарна.
-“Монголчууд нүүдэл суудал” номын зохиогч Баабарын үг-

“Монголчууд нүүдэл суудал” номын тэргүүн хуудсанд ярайх дээрх үгс сэтгэл хөдөлгөж, “Би монгол хүн шүү” гэдгээрээ бахархах сэтгэлийг гижигдэж билээ. Тийм ээ, бид монголчууд, бидэнд ч аугаа их ирээдүй байгаа нь лавтай. Гэхдээ тэр ирээдүйг бид яаж бүтээх вэ? Өнөөдөр монголчууд үүцээ задалж, үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн баярлаж байна. Бултаараа уурхайчин болоод баяжих мөрөөдөлдөө автаад элдвийг эргэцүүлэх завгүй байх зуур эрдэс баялгийн салбар манай ДНБ-ий 30, экспортын 85 гаруй хувийг бүрдүүлж, Монголд ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг залгих боллоо. Чингисийн Монгол зэс, алт, нүүрсний Монгол болжээ. Дэлхийн талыг эзэгнэж байсан аугаа их түүхтэй манай орон өнөөдөр Оюутолгой, Тавантолгойгоороо бөмбөрцгийн анхаарлыг татах аж. Үүнийг дагаад манай нутагт их мөнгө урсаж ирэх болсон нь сайн л хэрэг. Гэхдээ баялгийнхаа ачаар баяжсан орнууд байхад баларсан орны жишээ ч мундахгүй бий. Тиймээс аугаа их ирээдүйг бий болгохын тулд бидэнд зөв удирдлага, зөв бодлого хэрэгтэй.
Голланд өвчин манайд байна уу, үгүй юү хэмээн монголчууд толгойгоо гашилгах болов. Төр засгийн эрхмүүд “Голланд өвчний эрсдэл бий, гэвч классик утгаараа яг одоо алга” хэмээн тайвшруулна. Үнэн гэж үү? Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш хэт чангарч, уул уурхайгаас бусад салбар өрсөлдөх чадвараа алдах нь Голланд өвчний шинж тэмдэг гэдэг. Тэгвэл 2010 онд манай төгрөг америк долларын эсрэг дэлхийд хамгийн ихээр өссөн валют болсныг сануулах юун. Харин уул уурхай бусад салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж эхэлсэн болов уу?  Голланд өвчин жинхэнэ утгаараа аялал жуулчлалын салбарт нүүрлэсэн гэх барим тавим жишээ олон байгааг төр, засгийн эрхмүүдэд сануулах нь зүйтэй байх. Уул уурхай “утаагүй үйлдвэрлэл”-ийг заналхийлж эхэлснийг батлах доорх баримтууд байгаа юм.
Нэгдүгээрт. Аялал жуулчлалын компани бүтээгдэхүүнээ жилийн өмнө худалддаг. Өөрөөр хэлбэл, жуулчид төдийд тэнд очно гэдгээ эртнээс төлөвлөж, мөнгөө тооцоолдог. Гэтэл хагас жилийн өмнө захиалгаа хийсэн хүмүүс зун Монголд хүрээд ирэхэд долларын ханш уначихсан байх нь гадаад валютаар орлогоо олж, төгрөгөөр зарлагаа хэмждэг аялал жуулчлалын компаниудад хүндээр тусах нь ойлгомжтой. 2010 онд ам.долларын ханш төгрөгийн эсрэг 15 хувиар суларна гэдэг аялал жуулчлалын компаниудын орлогоос 15 хувийн татвар авчихсантай ялгаагүй, алга болсон л гэсэн үг шүү дээ.
Хоёрдугаарт. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өндөр байгаагаас зузаарч буй төсвөө харж хөөрцөглөсөн эрх баригчид ард иргэдэдээ 21 мянган төгрөг тарааж, түүнийг дагаад инфляци суга өсөж байна. Гэтэл аялал жуулчлалын салбарын бараа, үйлчилгээний өртөг 15-17 салбарын өртгөөс шалтгаалдаг гэж байгаа. Зочид буудал, хоолны газар, агаарын тээврийн үнэ нэмэгдэхэд аяллын өртөг шууд өсөөд явна. Үүнийг дагаад үнээ нэмэе гэхээр болдоггүй, бусад оронтой өрсөлдөх чадвараа алдчих гээд байдаг. Өнөөдөр монголчууд Дубай руу найман өдөр аялаад ирэхэд 1980 доллар, Хайнан руу 1065 долларт багтахыг “Жуулчин” компанийн цахим хуудаснаас харж болно. Гэтэл “Монгол: Тим Копын хамт нүүдэлчний мөрөөр” 18 өдрийн аялал (Mongolia In The Footsteps Of The Nomad With Tim Cope) л гэхэд 4950 ам.доллар байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, газрын мухарт орших манай оронд хийх аяллын үнэ Азийн бусад оронтой харьцуулахад тэртэй тэргүй өндөр байгаа юм. Ийм нөхцөлд үнээ нэмээд байвал Монголыг үзэхээр ирэх хүн олдох уу?
Гуравдугаарт. Эрдэс баялгийн салбар өргөжин тэлэхийн хэрээр Монгол орон моодонд орж, хурал семинарт оролцох зорилгоор манайд зочлогчид олширч байгаа нь үнэн. Тэд VIP зэрэглэлээр нисэж ирээд, таван одтой зочид буудалд хоёр хоноод буцна. Үүнийг дагаад нэгэн үе жуулчдын царай харж амьдарч байсан зочид буудлууд үнээ нэмчихэлгүй яах вэ. Хажуугаар нь борооны дараах мөөг шиг олширч буй баян уурхайнууд нисэх онгоцнуудыг чартердах явдал элбэг болсон. Оюутолгой, Ухаа худаг, Овоот-Толгой зэрэг томоохон уурхайн ажилчид хоёр долоо хоног ажиллаад, 7-14 хоног амардаг шүү дээ. Тэднийгээ хотоос Өмнөговь руу зөөхийн тулд онгоцнуудыг өндөр үнээр түрээслээд авчихна. Ингээд агаарын тээврийн компаниуд уурхайчдын хөөрөгдсөн үнэ ханшаар жуулчдад үйлчлэх жишээтэй.
Дөрөвдүгээрт. Уул уурхайн компаниуд бусад салбарын мэргэжилтнүүдийг мөнгөөр зодоод авах явдал моодонд ороод байна. Хэлтэй устай, чадалтай чадвартай нь бүгд өндөр цалин хараад, уул уурхайн компаниуд руу урваад алга болно. Аялал жуулчлалын салбарынхан боловсон хүчнээ алдаад, шинээр төгсөж буй хүүхдүүдийг сургаж авахаас аргагүй байдалд ороод сууж байна. Тэд нар нь магадгүй хэлээ сайжруулчихаад л эрдэс баялгийн салбарт хайр зарлаад явчихна биз ээ...
Энэ мэтээр аялал жуулчлалын компаниуд уул уурхайнханд хиар цохиулж, хэцүү байдалд орох шинжтэй. Гэхдээ дээрх дөрвөн жишээг нийлүүлснээс ч илүү аймшигтай зүйл нь яах аргагүй байгаль орчинд учирч буй хор хөнөөл билээ. Ашигт малтмалын газрын мэдээлснээр бол өнөөдөр манайд уул уурхайн хайгуул, олборлолтын 5139 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл эрдэс баялгийн компаниуд нөхөн сэргээлтээ зохих ёсоор хийдэг бил үү? Хэдэн мянгаар тоологдох уул уурхайн аж ахуйн нэгжийн дотор олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг нь гарын арван хуруунд багтахаар цөөн гэвэл буруудахгүй ээ.
Өмнийн говь элсээр биш, нүүрсээр шуурдаг боллоо гэж нутгийн хүмүүс нь ярьж байна. Энэ эрүүл үзэгдэл гэж үү? Үүгээр ч зогсохгүй уул уурхайн компаниуд палеонтологийн үнэт олдворууд, түүх соёлын өвийг хайр найргүй устгаж байгаа талаар ил далд ярих болсон. Соёлын өвийн тухай хуульд ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийн өмнө тухайн газарт заавал археологийн судалгаа хайгуулын баг ажиллуулах ёстой гэж заасан байдаг ч энэхүү хуулийг хэрэгжүүлдэг нь ховор ажээ. Биднээс өөр хэнд ч байхгүй, басхүү биднээс өөр хэн ч хадгалж хамгаалахгүй түүх дурсгал, соёл, шашин, ёс заншлын “үггүй гэрч”-ийг тээсэн тал нутаг минь тэслүүлж, дэлбэлүүлж, тонуулж гүйцлээ шүү дээ. Энэ нөхцөлд олон жилийн турш онгон дагшин байгаль, нүүдэлчин соёл гэх хоёрхон тодотголоор амь зууж ирсэн манай аялал жуулчлалын салбар маань яах болж байна аа? Жуулчдад ухсан нүх, овоолсон шороо, хатсан сайр үзүүлээд, нүүрсний замаар төвөргөх гэж үү?
2008 онд Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон зарласан билээ. Гэвч эрх баригчид энэ салбарыг хаясан, мартсаныг хүн бүхэн гайхаж байна. Эдүгээ монголчууд уул уурхайгаас л мөнгө олно хэмээн төөрөгдөж байх хооронд дэлхийн олон орон жуулчдын халааснаас салгасан мөнгөөрөө төсвийн түрийвчээ түнтийлгээд, ажлын байр бий болгоод, үндэсний брэндээ борлуулаад болоод л байна. Басхүү ашигт малтмалаар баян орнууд хэзээ нэгэн цагт үүцээ шавхаж дуусахаа мэдээд, ирээдүйн орлогын эх үүсвэр болох аялал жуучлалын салбартаа хөрөнгө мөнгөө харамгүй цацах бодлого баримталж байна шүү дээ. Дубайчууд яагаад Бурж Халифа барилгадаа олон тэрбумыг зарцуулж, дал модны хэлбэртэй болон дэлхийн бөмбөрцгийг илтгэх арал бий болгохын тулд хамгаа зориулаад байгаа юм бэ? Мөнгөө хийх газраа олж ядсандаа биш, сонин содон шийдлээр жуулчдыг татах зорилго агуулж байгаа нь лавтай.  
Харин монголчууд ажин түжин. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ дандаа өндөр байх юм шиг санаж, байгаль эхийн эрдэс баялгийн нөөц шавхагдахгүй мэт сэтгэсээр сууна. Уг нь Богд уулын аманд Хүннүгийн музей цогцолбор байгуулах шийдвэр хоёр жилийн өмнө гарсан одоо хүртэл таг чиг. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө 2011 оны төсөвт лав алга байгааг харахад энэ ондоо хийгдэхгүй бололтой. Үүний хажуугаар “Хархорин XIII зуун” цогцолбор төслийг хэрэгжүүлнэ гэж байгаа ч хөрөнгө оруулалтын асуудлыг нь яаж шийдэх гээд байгаа нь тодорхойгүй хэвээр.
Эцэст нь, өвөг дээдсийн минь бидэнд үлдээсэн нутаг дэлхийн зах зээлд үнэд хүрэх алт, зэс, нүүрс тэргүүтэй ашигт малтмалаас гадна өв соёлын хосгүй үнэт дурсгалуудыг тээж байгааг ахин дахин анхааруулах хэрэгтэй байх. Гэтэл бид шунахай сэтгэлдээ автан байгаль эхээ сэндийчиж, эрдэс баялгаа хайр найргүй олборололоо гэхэд хэдэн жилийн дараа Монголд юу үлдэх юм бэ? Бид үр хойчдоо юу өвлүүлэх вэ? Монгол оронд аугаа их түүх байгаа болохоор аялал жуулчлалын салбарыг төрөөс жаахан л дэмжээд өгвөл болно гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаж байгаа юм. Тэгвэл уул уурхайн орлогоороо байгалийг сүйтгэдэг биш, байгалийн сайхныг хүмүүст харуулж үзүүлээд, түүх соёлын өвөө гайхуулж сурталчлаад мөнгө олдог салбараа дэмжих цаг болсон юм биш үү? Утаагүй, хязгааргүй нөөцтэй үйлдвэрлэлээ хөгжүүлж, үр хүүхдэдээ аугаа их түүхийн дурсгал болсон тал нутгаа аугаа их ирээдүйн хамт үлдээе.


No comments:

Post a Comment