Pages

Sunday, May 29, 2011

“Шар нунтаг” үнэд орох цагаар...

Бөмбөрцгийн хүн амын тоо 2050 он гэхэд 9.8 тэрбумд хүрч, өнөөгийнхөөс 42 хувиар өснө гэсэн таамаглалыг НҮБ гаргасан билээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний хэрэглээ тэр хэрээр нэмэгдэхийг зөгнөж буй хэрэг юм. Гэтэл газрын тос, байгалийн хийг дэлхий нийт өнөөдрийн хэрэглэж байгаа хэмжээгээр ашиглаад байвал 50-100 жилийн дараа нөөц нь дуусна гэсэн тооцоо бий. Тиймээс хүн төрөлхтөн “гал гаргах” бусад хувилбарыг эрэлхийлэх болоод удлаа. Ногоон эдийн засаг хаяагаа тэлэхийн хэрээр “Clean energy” буюу “Цэвэр эрчим хүч” гэх ойлголт моодонд орж, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч улам бүр газар авч байна.
Цөмийн эрчим хүчний эрэлт, хэрэгцээ дэлхий даяар 2030 он гэхэд 66 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгаа бий аж. Эдүгээ 30 оронд төвлөрсөн 443 цөмийн реактор ажиллаж байгаа бөгөөд дэлхийн нийт эрчим хүчний 16 гаруй хувийг атомын цахилгаан станцууд гаргаж байгаа юм. Гэвч энэ үзүүлэлт орон тус бүрт огцом ялгардаг. Францад ашиглаж буй нийт эрчим хүчний 80 гаруй  хувийг атомын цахилгаан станцууд үйлдвэрлэж байгаа бол Хятадад энэ үзүүлэлт ердөө хоёр хувьтай байх жишээтэй. Хөгжингүй орнууд байгаль орчноо хамгаалах зорилготойгоор нүүрснээс татгалзаж, тэр хэрээрээ цөмийн эрчим хүч хэрэглэж байгаа билээ. Тухайлбал, АНУ-ад 104, Францад 59, Японд 55, ХБНГУ-ад 17 атомын цахилгаан станц ажиллаж байна. Гэвч хөгжиж буй орнууд ч сүүлийн үед цөмийн эрчим хүчийг ихэд сонирхож эхэлснийг гэрчлэх баримт цөөнгүй. 2010 онд дэлхийн 60 улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг судалж буйгаа Олон улсын атомын энергийн агентлагт мэдэгдсэний ихэнх нь хөгжиж буй орнууд байжээ. Энэ зууны дунд үеэс уран дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр болох хандлагатайг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
“Шар нунтаг” гэх энэхүү баялгийг өнөө үед цөмийн зэвсэг үйлдвэрлэх бус, энхийн зорилгод, хүн төрөлхтний сайн сайхан амьдралын төлөө ашиглахыг илүүд үзэх болсон билээ. Тэр ч утгаараа цөмийн эрчим хүчний салбарт техник, технологийн дэвшил байнга гарах болов. Ослын үед автоматаар унтардаг, газар хөдлөлтийг мэдрэх тоног төхөөрөмжтэй технологи нэвтэрч байгаа бөгөөд цаашид үүнээс ч илүү сайжрах төлөвтэйг мэргэжилтнүүд мэдэгдэж байна.
Нэг фунт уран 20 мянган фунт нүүрсний гаргах эрчим хүчийг ялгаруулдаг гэсэн тооцоо бий. Дэлхий даяар цөмийн эрчим хүч хаяа тэлж эхэлсэн өнөө үед цацраг идэвхт ашигт малтмалын үнэ тэнгэрт хадах хандлагатайг шинжээчид онцолж байна. Аз болж Монголд ураны арвин нөөц бий. Гэвч “шар нунтаг” үнэд орох цагийг бид ашиглаж чадах уу гэдэг л хамгийн чухал асуулт билээ.

Монгол Улс нөөцөөрөө 15 дугаарт жагсдаг

Манай улсын зүүн хэсэгт орших Дорнод аймгийг ураны өлгий нутаг гэж нэрлэх нь бий. Учир нь энд нэлээд сайн судлагдсан Дорнод, Гурванбулаг, Мардайн ураны орд оршдог. Дорнодын ураны ордыг 1988-1992 онд ЗХУ-ын “Эрдэс” уулын үйлдвэр ашиглаж, 550 тонн уран олборлосон гэх баримжаа бий агаад хүдрээ Краснокаменскийн баяжуулах үйлдвэрт боловсруулж байсан гэдэг.
Зарим эрдэмтэн Монгол орны ураны судалгаа 1948 оноос эхэлсэн гэж үздэг ч 1970-аад оноос л хайгуулын ажил эрчимжсэн байна. Чухам энэ үеэс ЗХУ-ын мэргэжилтнүүд манай нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувийг судалгаандаа хамруулсан бөгөөд  ураны зургаан орд, 100 орчим илрэл, 1000 гаруй радиогеохимийн гажлыг олж тогтоон олон тооны өрөмдлөг, малталт хийсэн байдаг. Оросууд Дорнод, Мардай, Гурванбулаг, Нэмэр зэрэг ордын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоосон бөгөөд нийт 49 мянган тонн гэж дүгнэсэн баримт бий. Үүгээрээ Монгол Улс дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин Олон улсын атомын энергийн агентлаг Монгол Улсын ураны нөөцийг 62 мянган тонн гэж нэгтгэн дүгнэсэн билээ.
Гэхдээ Монголын ураны бүх орд жижиг, дунд ангилалд багтах бөгөөд 10-15 жилийн настайд тооцогддог хэмээн зарим мэргэжилтэн анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, бид өнөөгийн нөөцөө олборлож эхэлбэл цаад зах нь 20 жилийн дараа уранаа барж дуусах юм. Тиймээс ураны эрэл, хайгуулаа үргэлжлүүлж, нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатайг эрдэмтэд сануулдаг. “Бид одоо ураныхаа хайгуулыг ихээхэн өргөжүүлж, хаана байгааг нь илүү сайн мэдэж авах ёстой. Дэлхийн зах зээлд ураны эрэлт нэмэгдэх хандлага байгаа учраас хүмүүс ч мөнгөө харамгүй хаяна шүү дээ. Тэгээд ураныг олборлож, цааш нь боловсруулах хэрэгтэй. Энэ тал дээр технологийн өндөр түвшинд хүрсэн гүрнүүдийн анхаарлыг татаж, хамтран ажиллах тал дээр төрийн бодлого төвлөрөх ёстой” хэмээн ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирал П.Очирбат онцолж байсан юм.

Австралийн үерээс болж ураны үнэ огцом өсчээ
2007 оны дунд үед ураны оксидын баяжмалын спот үнэ оргил цэгтээ хүрч, нэг фунт буюу 0.45 кг нь 136 ам.доллараар арилжаалагдаж байв. Гэвч уг бүтээгдэхүүний ханш ганц жилийн дотор гурав дахин буурсан билээ. Энэхүү үнийн уналт хийгээд дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал ураны хайгуул, судалгааны олон төслийг “царцаасан” учир эдүгээ зах зээлд хомсдол бий болж байгааг шинжээчид анхааруулж буй. 
“Ux Consulting” (UxC) компанийн цахим хуудаснаас харахад нэг фунт ураны оксидын баяжмалын үнэ он гарсаар огцом өсч, өнгөрсөн хоёрдугаар сард 73 ам.доллараас давсан байна. Энэ нь “Rio Tinto” групп Австралид болсон үерээс болж дэлхийн ураны олборлолтын есөн хувийг дангаараа бүрдүүлдэг “Ranger” уурхайн үйл ажиллагааг гурван сарын турш хаах шийдвэр гаргаснаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэнтэй холбоотойг “Bloomberg” мэдээлсэн байна.
Харин Канадын “Scotiabank Group” банкны тайлбарлаж буйгаар ураны үнийн өсөлт зах зээлд хомсдол нүүрлэсэнтэй шууд хамаатай ажээ. 2010 онд дэлхий даяар ураны эрэлт 82.5 мянган тоннд хүрсэн бол олборлолтын хэмжээ ердөө 63.5 мянган тонн байсан аж.
Уран нь ихэвчлэн урт хугцааны гэрээгээр худалдаалагддаг тухай мэргэжилтнүүд сануулж байна. Зах зээлд энэ бүтээгдэхүүний ердөө 10 орчим хувийг арилжаалдаг бөгөөд үнийг нь UxC болон “TradeTech” нийтэлдэг юм. Энэ зах зээлийн ханш ураны худалдааны урт хугацааны гэрээнд ч ихээхэн нөлөөлдгийг шинжээчид тайлбарлав.
Ойрын таван жилийн хугацаанд нэг фунт ураны үнэ 100 ам.доллараас ч давж магадгүйг Их Британийн “CRU Group” компанийн мэргэжилтнүүд анхааруулжээ. 2030 он гэхэд дэлхий даяар 158 цөмийн реактор шинээр ашиглалтад орохоор байгаагийн 50 нь Хятадад баригдах төлөвтэйг Дэлхийн цөмийн ассоциацийн (World Nuclear Association) цахим хуудсанд тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, манай урд хөрш ураны эрэлтээрээ дэлхийд тэргүүлэх нь нэгэнт тодорхой болжээ.
2010 онд л гэхэд БНХАУ ураны импортоо жилийн өмнөхөөсөө бараг гурав дахин өсгөж, 17 гаруй мянган тонн болгосон тухай “The Wall Street Journal” мэдээлсэн юм. Манай урд хөрш уранаа ихэвчлэн Казахстан, Узбекистан, Намиби, Австрали болон ОХУ-аас худалдаж авдаг аж. UxC компанийн гаргасан таамаглалаас үзэхэд хятадууд 2020 он гэхэд ураны хэрэглээгээ дөрөв дахин өсгөхөөр байна.
 
Нөөцөөр Австрали, үйлдвэрлэлээр Казахстан тэргүүлж байна
Бөмбөрцгийн ураны батлагдсан нөөц 5.4 сая тонн хэмээн мэргэжилтнүүд үзэж буйг Дэлхийн цөмийн ассоциаци мэдээлж байна. Үүний 31 хувийг Австрали дангаараа эзэлж, 1.67 сая тоннын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг аж. Харин Монгол Улс 49 мянган тонноор 15 дугаарт жагсаж байгааг дээр дурдсан билээ.
2009 онд дэлхий даяар 50,772 тонн уран олборлосон нь жилийн өмнөхөөсөө 15.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү цацраг идэвхт ашигт малмалын олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж буй ч эрэлтээ дийлэхгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар.
Эдүгээ дэлхийн ураны нийт олборлолтын 60 гаруй хувийг Казахстан, Канад, Австрали улс бүрдүүлж байна. Казахстаны “Казатомпром” компани 2010 онд 17,803 тонн уран олборлосон бол энэ онд хүчин чадлаа 10 хувиар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэйг тус компанийн захирал Владимир Школьник мэдэгджээ.
Цацраг идэвхт ашигт малтмалын нийт үйлдвэрлэлийн 89 хувийг ердөө 10 компани бий болгодог тухай http://www.world-nuclear.org цахим хуудсанд мэдээлсэн байна. 2009 онд л гэхэд ураны нийт олборлолтын 17 хувийг “Areva”, “Cameco” болон “Rio Tinto” тус бүр 16 хувийг эзэлснийг графикаас харна уу. Түүнчлэн уг цацраг идэвхт ашигт малтмалын дэлхийн зах зээл дэх нийт нийлүүлэлтийн 59 хувийг Канадын “McArthur River”, “Rabbit Lake”, Австралийн “Ranger”, “Olympic Dam”, Намибийн “Rossing”, ОХУ-ын “Kraznokamensk”, Казахстаны “Tortkuduk”, “Budenovskoye”, Нигерийн “Arlit”, “Akouta” уурхай гаргаж байгаа аж. Гэвч томоохон уурхайнууд “хөгширч”, ураны үйлдвэрлэлийн өөрийн өртөг нэмэгдэж байгааг “Business Resource” компанийн мэргэжилтнүүд тогтоожээ. Тодруулбал, нэг фунт уран олборлох өөрийн өртөг 40 ам.доллараас бага байх эдийн засгийн үр ашигтай уурхайн тоо багассаар байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлөх хандлагатай байна.
Дашрамд сонирхуулахад, ураны салбарт тодорхой байр суурь эзэлсэн томоохон компаниудын ихэнх нь Монголд аль хэдийнэ хөл тавьсан байгаа юм. 2003 оноос “Cameco”, “East Asia Minerals”, “Khan resources”, “Solomon resources limited”, “Mega uranium”, “Western Prospector Group” зэрэг Канадын компани Монголын ураны салбарт орж ирсэн. Түүнчлэн ураны олборлолтоороо дэлхийд толгой цохидог “Areva”, “BHP Billiton”, “Rio Tinto”, “Росатом” зэрэг компани ч Монголд үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

Атомын цахилгаан станцаас сураг байна уу?
2030 он гэхэд 158 цөмийн реактор шинээр ашиглалтад орох төлөвтэйг дээр дурдсан. 2010 оны байдлаар 62 цөмийн реакторын барилгын ажил явагдаж байсан нь 1992 оноос хойших дээд үзүүлэлт болохыг Дэлхийн цөмийн ассоциаци тэмдэглэж байна.
“Монголын нөхцөлд байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд халгүй, эдийн засгийн үр ашигтай сонголт бол атомын цахилгаан станц гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна хэмээн” академич Х.Намсрай онцолсон удаатай. Уг нь манай оронд цөмийн эрчим хүчний хэрэглээ, атомын цахилгаан станцын талаар яриа, хэлэлцээр өрнөж эхлээд гурван жил улирч байгаа билээ. Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Мохамед эл Барадей 2009 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчилсны дараахан манай Цөмийн энергийн агентлагийн дарга С.Энхбат “Бид ирэх оноос эхлэн атомын цахилгаан станц барина. Энэ ажлыг яаравчлах хэрэгтэй” хэмээн “Ройтерс” агентлагт ярилцлага өгч байв.  Гэтэл үүнээс хойш хоёр жилийн нүүр үзэж байгаа ч атомын цахилгаан станцыг хаана барих тухай судалгаа хийснээс цаашгүй байна.
Өнгөрсөн оны сүүлчээр “Монгол Улсад цөмийн эрчим хүчний станц барих урьдчилсан судалгаа” төслийн хээрийн туршилт, судалгааны анхдугаар их хуралдай болсон билээ. Эрдэмтэн, судлаачид Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Малхийн тал хэмээх газрыг “атомын цахилгаан станц барих боломжтой нутаг” хэмээн дүгнэсэн байдаг. Тодруулбал, Хэрлэнгийн доод гүүр орчмын 100 ам км талбайг цөмийн реактор барихад тохиромжтой хэмээн “онилсон” билээ. Байршлын судалгааны ерөнхий шинжээч, академич Д.Доржготов дээрх хуралдайн үеэр “Монголчууд ураны хангалттай нөөцтэй атлаа яагаад атомын цахилгаан станц бариагүй өдий хүрэв” хэмээн онцолж байсныг сануулах юун.
“Одоо бид ямар хүчин чадалтай станц барих вэ, түүнийг барихад юу хэрэгтэй вэ гэсэн дэд бүтцийн нарийн судалгаа хийнэ. Энэ ажил ойрын гурван жилийн хугацаанд дуусах ёстой” хэмээн С.Энхбат тэмдэглэсэн билээ. Үүнээс үзэхэд цөмийн эрчим хүчний “ид шид”-ийг монголчууд ойрын хэдэн жилдээ үзэхгүй бололтой. Дулааны хэдэн цахилгаан станц нь элгээрээ хэвтэх гээд байгаа өнөө үед цөмийн реакторын асуудлыг төр засаг яаралтай шийдэх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж буй. Мэдээж аюулгүй байдал талаасаа энэ нь долоо хэмжиж, нэг огтлох ажил боловч долоон жил сунжрах хэрэг ердөө ч биш гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна.
“Чернобыльд болсон явдлаас бид бүгд, бүх дэлхий, атомын эрчим хүчний салбар тэр чигээрээ тодорхой дүгнэлт хийсэн. Түүнээс хойш аюулгүй байдлыг тас хянадаг болсон. Хэрэв Монголд атомын цахилгаан станц барина гэвэл энэ нь ямар ч аюулгүй байна гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна” хэмээн “Росатом”-ын ерөнхий захирлын орлогч Н.Н.Спасский ярьж байсан билээ. Байгаль эхээс заяасан нөөц баялгаа ашиглан “Цэвэр эрчим хүч”-ний эх үүсвэрийг бий болгож, дэлхий нийтийн хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд адгах, яарах хэрэг гарч байх шиг.

 

 

 

 

No comments:

Post a Comment