Pages

Tuesday, April 5, 2011

Мөнгөний дуу, биднийг сэрээ сэрээ...

-Тог тог...
-Хэн бэ?
-Гадаадаас ирсэн ганган хүрэмтэй хөрөнгө оруулагч байна...
Монгол гэхээр л гадаадын хөрөнгө оруулагчид хөл алдан гүйх болжээ. Нөгөө талаас гадаадын гэхээр л монголчуудын нүдэнд оч гэрэлтэх болоод удлаа. Бид гадаадаас хөрөнгө орж ирэхийг хүлээж, гаднынхан ирээд Монголын хөрөнгийн биржийг сайжруулчихна гэж найдаж сууна.  Харин монголчууд өөрсдөө хаана явна вэ? Бид өөрсдөө хөрөнгө оруулагч байж, өөрсдөө хөрөнгө босгогч байж чадахгүй гэж үү? Хэргийн учир чадахгүйдээ биш, хүсэхгүйдээ байгаа аж.
Монголын арилжааны банкууд дахь нийт хадгаламж өнгөрсөн долдугаар сард өмнөх оныхоос 25 хувиар буюу 400 гаруй тэрбум төгрөгөөр өсөж, 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь нэг талаас бидэнд хуримтлал байгааг харуулна. Нөгөө талаас монголчуудын идэвхгүй, санаачилгагүй байдлыг илтгэж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу. Яах вэ, гудсан дороо мөнгөө хадгалж байснаас банкинд тушаасан нь арай дээр л дээ. Ядахдаа л жилийн 6-15 хувийн хүү авч болно. Гэхдээ мөнгөө өсгөх, найдвартай хадгалах өөр олон боломж байгааг бид яагаад ухаарахгүй байна вэ? Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй зарим компанийн хувьцаа өдөртөө л 15 хүртэлх хувиар өсөж байна шүү дээ. Та арилжааны банкинд бүтэн жил мөнгөө хадгалаад олсноосоо хамаагүй их ашгийг хөрөнгийг зах зээлээс өдөртөө хийж болох нь. Эрсдэл ихтэй нь үнэн. Гэвч их ашиг олохын тулд их эрсдэл хүлээх нь гарцаагүй. Үүнээс үүдээд та эрсдэлээ удирдаж сурна, санхүүгийн мэдлэгтэй болно. Эрсдэлээс зайлсхийх хөрөнгө оруулагчдын сонирхлыг дагаад даатгалын салбар өргөжин тэлнэ. Энэ мэтчилэн гинжин холбоогоор санхүүгийн зах зээл бүхэлдээ босож ирэх учиртай.  
Өнөөдөр манай орны санхүүгийн салбарын 95.6 хувийг банкны салбар дангаараа эзэлдэг бөгөөд үлдсэн 4.4 хувийг л үнэт цаасны зах зээл, хадгаламж зээлийн хоршоо, даатгал зэрэг бусад салбарынхан эзэлж байна. Өнгөрсөн мягмар, лхагва гаригт болсон “Mongolia: Money&Markets чуулга уулзалтын үеэр санхүүгийн зах зээлийн бүхий л бүрэлдэхүүний талаар салбарын мэргэжилтнүүд, зохицуулагчид болон бодлого боловсруулагчид анх удаа хэлэлцсэн юм. Анхны гэх тодотголтой уг чуулга уулзалтын үеэр салбарын хүрээнд нэгдсэн ойлголттой болох нь чухал байв.  
Санхүү гэхээр л бид банк, төсөв боддог бол хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүү зэрэг олон олон бүрэлдэхүүн байдгийг таг мартсан байна шүү дээ. Тэгвэл бид одоо сэрэх цаг болжээ. Уул уурхай даган Монголд орж ирэх мөнгөний сураг эрүүл, чийрэг санхүүгийн салбарыг шаардаж байна. Гэхдээ үүнийг хийхэд иргэд бидний оролцоо ихэд чухал ажээ.
Хувьцаа гэхээр л цэнхэр, ягаан тасалбар төсөөлж, хөрөнгийн зах зээл гэхээр л хүний амьдралаас хол юм шиг санаж явсаар удлаа. Одоо боллоо. Эдийн засаг, санхүү гэдэг нь таны ч, миний ч амьдралд хамгийн ойр байх учиртай. Мөнгөтэй бол түүнийгээ үр ашигтай зүйлд зарцуулж, мөнгөгүй бол мөрөөдөлтэй байж хөрөнгө босгох нь чухал. Халаасандаа хэрэгцээнээсээ илүү мөнгөтэй “зоосхүү”, мөнгөгүй ч гэсэн бизнес эрхлэх хүсэлтэй “мөрөөдөлхүү” хоёрыг нэгтгэх нь хөрөнгийн зах зээлийн үүрэг.  Амархан л байгаа биз дээ?
Гэвч гол асуудал “мөрөөдөлхүү” маань “зоосхүү”-гээс мөнгийг нь хэрхэн найрч авахад оршиж байгаа юм. Танихгүй, мэдэхгүй хүнд хэн ч мөнгөө итгэж өгөхгүй нь тодорхой учраас тэр. Тийм ч болохоор хүний мөнгийг авахын тулд сайн төсөл, сайн менежмент хэрэгтэй. Эндээс  л мөнөөх компанийн засаглалын тухай ойлголт хөндөгдөж эхэлнэ.
Компанийн засаглал гэж юу билээ? Компанийг чиглүүлэх, удирдах бүтэц юм гэж Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат товч бөгөөд тодорхой тайлбарлав. Ил тод, шударга байдал, хариуцлага хүлээх чадвар нь компанийн засаглалын тулгын гурван чулуу аж. Гэвч үүнийг заавал хэрэгжүүлэх  ёстой юу гэвэл үгүй. Хэрэгжүүлэх эсэхээс  тухайн компанийн өөрийнх нь өсөж, томрох үйл явц шалтгаалах учраас “Юу сайхан, дур сайхан” гээд хаяж болох нь. Монголчуудын хувьд энэ нь шинэхэн ойлголт. Харин олон улсын түвшинд бол 1990-ээд оноос л компанийн засаглал моодонд орсон ажээ.
Манай компаниуд санхүүгийн тайлангаа гаргаж чаддагүй, мэдээллээ нууцалдаг, хувьцаа эзэмшигчдийнхээ үндсэн эрхийг зөрчдөг. Ингэснээрээ л хүний итгэлийг хүлээдэггүй, их хэмжээний мөнгө босгож чаддаггүй хэрэг. “Анод”, “Зоос” банкны жишээнээс ч үүнийг харж болно.
Б.Цэрэнжав 1995 оноос л хувьцааны захад идэвхтэй оролцож ирсэн нэгэн. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Монголын томоохон гэсэн тодотголтой ихэнх компанийн үнэт цааснаас атгалцаж ирсэн хүн. Харамсалтай нь “Анод”, “Зоос” банкинд хөрөнгө оруулснаар 100 гаруй сая төгрөгөө алджээ. Түүний адил хохирсон хүн олон байгааг бид мэднэ. Энэ хоёр банкны дампуурлын дараа хөрөнгийн зах зээлд итгэх итгэл бүр ч суларсан. Хадгаламжийг болохоор төр батлан даачихаад, хөрөнгө оруулагчдыг гаргуунд нь гаргадаг гаж тогтолцоо үйлчилж байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг тушаа болсон нь үнэн. Нөгөө талаас компанийн засаглалын тухай ойлголтыг хөрсөндөө буулгаж, аж ахуйн нэгжүүд ил тод, шударга, хариуцлагатай болох асуудал тулгамдаж байгаа юм. Энэ нь ч мөн биднээс л шалтгаалж байна шүү дээ.
“Манай хөрөнгийн зах зээл хөгжөөгүй юм чинь арилжаанд оролцож юугаа хийх вэ, ямар бидний эрх ашгийг хамгаалах биш”, эсвэл “Надад мөнгө байхгүй, юун хувьцаа авах манатай” гэж л битгий хэлээрэй. 100 гаруй сая төгрөгөө алдсан Б.Цэрэнпил одоо ч хөрөнгө оруулагч хэвээр. “Би эрсдэлээ бууруулахын тулд олон компанид зэрэг хөрөнгө оруулдаг. Нэгээс нь алдаа л биз, нөгөөгөөс нь хожно” хэмээн тэрбээр хээв нэг ярьж байх юм. Мөнгөгүй гэдэг нь ч шалтгаан биш аж.  Наана чинь лааз түүгээд хувьцаа авч, хөрөнгөтэй болсон хүний бэлээхэн жишээ байна шүү дээ. Чулуун гуай гэхээр Монголын хөрөнгийн биржийнхэн андахгүй. Тэрбээр лааз түүж олсон мөнгөөрөө хувьцаа авдаг бөгөөд хөрөнгө оруулагч болоод олон жилийг үджээ.  
Өмнө нь монголчууд гол төлөв гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар аргацааж ирсэн. Тэгвэл одоо Монголын макро эдийн засгийн орчин сайжирсан болохоор биднийг өрөвдөж, өглөг хайрлах хүн олдохоо байж. Тиймээс ч төр засаг төдийгүй хувийн хэвшлийнхэн гадаадаас хөрөнгө босгох хэрэгтэй болсныг “Mongolia: Money&Markets чуулга уулзалтад оролцогчид сануулж байв.
Дэлхийд хөрөнгийн зах зээл үүсэж хөгжөөд хэдэн зуун жилийн нүүр үзэж буй. 200 жилийн түүхтэй Лондоны хөрөнгийн биржтэй 20 жилийн босго алхаж буй Монголын хөрөнгийн биржийг зүйрлэж мэдээж боломгүй. “Тэр 100 жилийн хоцрогдлыг хэрхэн 10 жилд товчлох вэ гэдэгт л гол асуудал оршино” хэмээн Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг тэмдэглэсэн.
Гадаадын менежментийн баг ирээд, Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг авах юм бол олон улсын хэмжээнд байж болох тэргүүн туршлагуудыг оруулж ирэх нь гарцаагүй. Ингэснээр мөнөөх 100 жилийн хоцрогдлоо  аль болох богино хугацаанд арилгах сайн талтай биз ээ. Гадаадын хөрөнгө оруулалт ч үлэмж ихээр нэмэгдэх хандлагатайг буруу гэх аргагүй. Гагцхүү монголчууд өөрсдөө идэвхтэй болж байж л Монголд орж ирэх тэр их мөнгө, дэвшилт технологи, ноу-хауг хөрсөндөө буулгах буй за.
Өнөөдөр Монгол моодонд орж байна. Эдийн засаг эрчимтэй өсөж, Азийн дараагийн бар болно гэж зарим эдийн засагч хэлж байна. Монголын хөрөнгийн биржийг удирдахын тулд 11 орны 10 баг өрсөлдсөний дотор Лондоны хөрөнгийн бирж хүртэл багтлаа. 158 жилийн түүхтэй, зөвлөгөө болон хяналтын салбартаа дэлхийд эхний дөрөвт жагсдаг “Pricewaterhouse Coopers” компани Улаанбаатарт салбараа нээлээ. Уул уурхайн “акулууд” бүгд манайд тухаллаа. Монголын Ерөнхий сайдыг Тони Блэйр, Билл Клинтон урьж уулзлаа. Монгол Улсыг чиглэх валютын урсгал хагас жилийн дотор гурав дахин нэмэгдлээ. Тэгээд юу гэж? Монголчууд өөрсдөө тэр “Луй Вьютон”-оор үйлчлүүлэхгүй юм бол гадаадын хөрөнгө оруулалт мянга нэмэгдээд яах билээ? Гэхдээ Монголд орж ирж буй тоймлошгүй их хөрөнгө, тэргүүний туршлагаас шанаганыхаа хэрээр самрах уу, савныхаа хэрээр хутгах уу гэдгийг бид өөрсдөө шийдэх билээ.

1 comment: