Pages

Monday, April 25, 2011

“Цус сорогчдод зай байхгүй”

Нийгмийн эмзэг бүлгийнхэн хүртэл авсан мөнгөө эргүүлж төлөх чадвартай бөгөөд ядуурлыг бууруулах шилдэг арга нь барьцаагүй зээл өгөх явдал гэдгийг Бангладешийн банкир, профессор Мохаммад Юнус өөрийн үүсгэн байгуулсан “Grameen Bank”-аар баталсан билээ. Энэхүү ололтоороо тэрбээр 2006 онд Нобелийн шагнал хүртсэн тухай “Mongolian Economy сэтгүүл анхны дугаартаа дурдаж байсан. Гэтэл Бангладешийн эрх баригчид Мохаммад Юнусыг өөрийнх нь “эх барьж” авсан банкнаас халсан явдал нэлээд шуугиан дэгдээв. Энэ тухай http://lenta.ru/ цахим хуудсанд тун сонирхолтой нийтлэл гарсныг хөрвүүлэн хүргэж байна. 

“Цус сорогчдод зай байхгүй”

-Нобелийн шагналтныг өөрийнх нь банкнаас хөөжээ-

Нобелийн шагналт Мохаммад Юнус 1983 онд өөрийн үүсгэн байгуулсан “Grameen Bank” банкны ерөнхий захирлын албан тушаалаас “хусагдав”. Дөрөвдүгээр сарын эхээр тус улсын Дээд шүүх Мохаммад Юнусыг халах Төвбанкны шийдвэрийг дэмжсэн байна. Бичил зээлийн “эцэг” болсон Юнусыг Бангладешийн эрх баригчид заналтайгаар “цус сорогч” хэмээн нэрлэсэн удаатай...
Эдийн засгийн профессор бөгөөд Бангладешийн банкир Мохаммад Юнус 2006 онд Нобелийн шагнал авснаасаа хойш дэлхийд алдаршжээ. Түүний үүсгэн байгуулсан  Grameen Bank (орчуулбал хөдөөгийн банк) орон нутгийн ядуустай нягт харилцах болсон юм. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст барьцаагүй зээл олгож эхлэхэд банкирууд Юнусыг “галзуурсан эрдэмтэн” гэж дүгнэж байсан үе бий. “Grameen Bank”-ны харилцагчдын ихэнх нь энгийн банкуудын айж, халгасаар ирсэн буурай иргэд байдаг болохоор арга ч үгүй биз дээ. Харин Юнусын санаачилсан хамтын хариуцлагын систем (зээлийг бие биеэ батлан даах нэгдмэл сонирхолтой хэсэг бүлэг хүнд олгодог) нь эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийг бүрэн шийдсэн гэхэд болно. Тийм ч учраас “Grameen Bank” барьцаагүй зээлийг тайван олгож ирсэн бөгөөд одоо хүртэл эргэн төлөлт нь 98 хувьтай байгаа юм.
Гэхдээ тус банкны зээлийн эргэн төлөлт сайн байгаагийн ард бас нэг шалтгаан байж болохыг зарим мэргэжилтэн онцолдог. Мохаммад Юнус эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг өсгөх үйлдэл хийж байгааг Бангладешийн шашны зүтгэлтнүүд нэг бус удаа шүүмжилж байв. Үнэхээр бүсгүйчүүд “Grameen Bank”-ны нийт харилцагчдын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд эмэгтэйчүүд л орлогоо гэр бүлийнхээ хэрэгцээнд эрчүүдээс илүү ухаалгаар зарцуулж чаддаг гэх ойлголт байдаг даа.
Ямар ч байсан Юнусын амжилт дэлхийг алмайруулсан. 1976 онд тэрбээр 27 ам.долларын бичил зээл хүнд өгөхдөө өөрийн халааснаас гаргаж байсан бол 2011 он гэхэд түүний үүсгэн байгуулсан банк ядууст нийт 10.3 тэрбум ам.долларын зээл өгсөн байна. Өнөөдөр Бангладеш улсад тус банкны 2500 салбар ажиллаж байгаа бөгөөд 81 мянган тосгоны олон сая иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа юм. Тус улсын хөдөлмөрийн чадвартай иргэдийн талаас илүү хувь нь газар тариалангийн салбарт ажилладаг ажээ.
Дэлхийн хамгийн буурай орнуудын нэг болох Бангладешийн 150 сая иргэний талаас илүү хувь нь өдрийн 1.25 ам.доллараас бага мөнгөөр гол зогооно. Харин Юнусын үүсгэн байгуулсан банк бичил зээл өгөх замаар 50 сая хүнийг ядуурлаас ангижруулсан гэх тойм тооцоо ч бий. Түүнчлэн найман сая гаруй харилцагчтай болсон “Grameen Bank”-ны туршлага хийгээд амжилт бусдыг уриалан даллаж, Бангладеш улсад бичил зээл гэдгийг ёстой л цэцэглүүлэн дэлгэрүүлсэн гэхэд буруудахгүй. Энэ оронд өнөөдөр “Grameen Bank”-наас гадна 1000 гаруй бичил зээлийн байгууллага ажиллаж, хоёр тэрбум гаруй ам.долларыг 25 орчим сая хүнд олгосон байна. Гэвч энэ бүх гавъяа нь Мохаммад Юнусыг өөрийнх нь үүсгэн байгуулсан банкнаас “нясалж” гаргахад саад болсонгүй. 

Баатрыг “шагнасан” нь
2011 оны гуравдугаар сард 71 настай Мохаммад Юнус “Grameen Bank”-ны ерөнхий захирлын албан тушаалаас халагдав. Энэ шийдвэрийг Бангладешийн Төвбанк гаргахдаа “Зохицуулагчдын зөвшөөрөлгүйгээр албан тушаал хашиж байсан, түүнчлэн тус улсын хуулийн хүрээнд 60-аас дээш насны хүн ажил хийх боломжгүй, тэтгэвэртээ суух ёстой” гэх шалтаг тоочжээ. Тэгвэл яагаад тэтгэврийн насны тухай хуулиа гэнэт санаж, зөвхөн одооноос л хэрэгжүүлж эхэлж байгаагаа холбогдох албаныхан тайлбарлахыг хүссэнгүй. Тэр тусмаа “Grameen Bank”-ны хувьд тусгай статустай учир тэтгэврийн насыг мөрдөлгүй өдий хүрсэн гээд бодохоор бүр ч хачирхалтай.
1983 онд “Grameen Bank” хараат бус статустай болсон бөгөөд 2000 онд 60 нас хүрсэн Юнус тус банкны ерөнхий захирлын албан тушаалыг хугацаагүй хаших эрх авч байжээ. Гэхдээ “Grameen Bank”-ны 75 хувийг зээлийн байгууллага, үлдсэн 25 хувийг нь Бангладешийн Засгийн газар эзэмшдэг бол “эх барьж” авсан Юнус энд ямар ч эзэмшилгүй байдаг бас л сонин.
Колумбын их сургуулийн эдийн засагч Ягдиш Бхагвати сүүлийн жилүүдэд “Grameen Bank” болон Юнус Засгийн газрынхаа эсрэг хүчин болж хувирч байгааг онцлоод, энэхүү үзэгдлийг Бангладешийн эрх баригчид хэрхэвч зүгээр өнгөрөөхгүйг сануулж байлаа. Үнэхээр ч түүний бодол бодожин биелэв. Төр засгаас нь Юнусыг халагдахыг шаардах үед тэрбээр банкныхаа ТУЗ-ийн даргаар үлдэхийг гуйж байв. Ингэснээр Юнус өөрийн үүсгэн байгуулсан банкны үйл ажиллагааг хөндлөнгөөс ч болтугай харж чадахаа онцолж байсан юм. Гэвч Засгийн газар нь Нобелийн шагналтны гуйлтыг биелүүлэхээс татгалзжээ.
1990-ээд оны дунд үед “Grameen Bank” Норвегийн Засгийн газрын мөнгийг хууль бусаар зарцуулсан хэмээн Юнусыг буруутгасан баримтат кино өнгөрсөн арванхоёрдугаар сард цацагдсан юм байна. Уг киноны зохиогчид “Norad” буюу Норвегийн хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн архиваас олсон зарим баримтаараа Юнус 100 сая ам.долларын тусламжийн мөнгийг өөрийн нэг компаниас нөгөө компани руу шилжүүлэх замаар татвараас бултсан тухай өгүүлж л дээ. Гэхдээ Норвегийн Засгийн газар энэхүү баримтат киног шалгаж, Юнус мөнгийг буруу зүйлд ашигласан гэх ямарч баримт, нотолгоо олоогүйгээ албан ёсоор мэдэгдсэн ажгуу. Даанч нэгэнт хоцорсон байжээ.
Норвегийн уран бүтээлчдийн хийсэн киноны араас Юнусыг Бангладешийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хурцаар шүүмжилж, Засгийн газар нь түүнийг татвараас зугтахын тулд заль хэрэглэсэн хэмээн үзэж, Норвегийн албан ёсны мэдэгдлийг үл харгалзан өөрсдөө шалгаж, судлахаа амласан юм. Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина өнгөрсөн арванхоёрдугаар сард Юнусыг “Grameen Bank” банкинд яг хувийн өмч шиг хандаж, нөгөөх нь ядуучуудын “цусыг сордог” хэмээн шуудхан хэлж байсан гээд бод доо. Нобелийн шагналтныг халахын тулд байж болох бүхнээ дайчлахаа тус улсын эрх баригчид ний нуугүй илтгэж байлаа. Бангладешийн Сангийн сайд өнгөрсөн хоёрдугаар сард Юнусыг өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өг хэмээн ил тод шахаж, турхирч байсан ч удаатай.
Ер нь бүх зүйл 2007 оноос эхтэйг банкирын ойр дотныхон ярьдаг юм билээ. Юнус Бангладешийн Засгийн газрын тэргүүнтэй муудалцсан үеэс л энэ бүх явуулга эхэлсэн хэмээн үзэх хүн цөөнгүй. Учир юу гэвэл Мохаммад Юнус өөрийн гэсэн улс төрийн нам байгуулж, авлигатай тэмцэх бодол тээж явдгаа цухалзуулсан удаатай аж.  Тийм ч болохоор төрийн эрх баригчид Юнусыг “жийчихээд”, банкинд нь бүтцийн өөрчлөлт хийж, төрийн мэдэлд авах бодолтой байгааг зарим хүн онцолж буй. Ямартай ч “Grameen Bank”-ны  ТУЗ-ийн даргаар Бангладешийн Засгийн газар “өөрийн хүн” болох Музаммель Хукийг томилж амжив.
Юнусыг дэлхийн санхүүгийн ертөнцийн олон нөлөө бүхий хүн хамгаалж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Бүр Бангладеш улсад 1971 оноос хойш нийт таван тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн АНУ-ын төрийн албан ёсны төлөөлөгч Юнусыг шударга бусаар албан тушаалаас нь чөлөөлж буй асуудал хоёр орны харилцаанд сэв суулгаж мэдэхийг ч анхааруулж байжээ.
ВВС-гийн сурвалжлагчид Бангладешийн эдийн засагчдаас энэ тухай байр суурийг нь лавлахад бараг бүгд л нэг зүйлийг тэмдэглэж байсан аж. Юнусыг халснаар “Grameen Bank”-ны  тогтвортой үйл ажиллагаа алдагдаж, энэ нь улсын эдийн засаг, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж мэднэ. Ер нь Бангладешийн орон нутгийн эдийн засгийн тулгуур болж чадсан бичил зээлийн салбарт муу үр дагавар авчирж магадгүйг мэргэжлийн хүмүүс онцолжээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, Юнусыг халсан ч онцын өөрчлөлт гарахгүй, нэг их аюултай зүйл болохгүй ч байж болно шүү дээ. 

Pro et Contra
Сүүлийн үед бичил зээлийн салбар Бангладеш төдийгүй бусад оронд ч шүүмжлэлд элбэг өртөж, ялангуяа төрийн эрх баригчдын зүгээс “гавчий хүртэх” болсон билээ. Бичил зээлийн зарим байгууллага хэт өндөр хүүтэй зээл өгч байгаагийн зэрэгцээ өр барагдуулах ажилдаа байж болшгүй “аймшигт” арга хэрэглэдэг гэх. “Grameen Bank”-ны амжилтыг ч хэт дээгүүр үнэлсэн төдийгүй тус банкны гаргадаг зээл ч асар өндөр хүүтэй хэмээн шүүмчжлэгчид үздэг ажээ.
Бангладешийн хөрш орон болох Энэтхэгт л гэхэд өрөө төлж чадахгүйгээсээ болж Андхра-Прадеш мужийн 70 гаруй хүн амиа егүүтгэсэн байна. Үүний үр дүнд тус улсын эрх баригчид бичил зээлийн байгууллагуудыг орон нутгийн эрх баригчидтай харилцан тохиролцсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах тушаал буулгажээ. Гэхдээ Энэтхэгийн 26 орчим сая иргэнийг ажилтай болгосон бичил зээлийг бүрмөсөн зогсоох тухай яриа ч гараагүйг онцлох нь зүйтэй байх.
Чикагогийн их сургуулийн санхүүгийн профессор, өмнө нь Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагч байсан  Рагхурам Раджан тун сонирхолтой өнцгөөс тайлбар гаргасан нь бий. Сүүлийн үед “сайн үйлс хийнгээ сайхан байх” ("do well by doing good") гэсэн томъёололд суурилсан бизнесийн загвар дэлгэрч буйг тэрбээр онцолсон байдаг. Ийм загварын тод жишээ бол нийгмийн эмзэг бүлгийнхэнд олгох зээл гэдгийг ч тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар энэ төрлийн “сайн бизнес”-ийг хэт дээгүүр үнэлэхэд хялбар байдаг аж. Гэвч өчүүхэн бага хэмжээний зээл авснаар ядуус жинхэнэ бизнес хийх нь бараг боломжгүйг зээл олгож байгаа эрхмүүд анзаардаггүйг Раджан шүүмжилжээ.
Гэхдээ л бичил зээл буурай хүмүүсийн хувьд олон талын ашигтай байдгийг Раджан үгүйсгэсэнгүй. Үүний тусламжтайгаар хүмүүс арвич хямгач болдог төдийгүй аж ахуйгаа өргөжүүлэх зорилго, эрмэлзлэлтэй болдог аж. Хоёр дахь үнээ, эсвэл трактор авдаг ч юм уу. Мэдээж мөнгө өсгөнө гэдэг ядуучуудын хувьд чинээлэг хүмүүстэй харьцуулашгүй, хэцүү. Түүнчлэн хүүхдүүдээ сургах, гэнэтийн тохиолдол гарах үед зарцуулах зэрэгт бичил зээл үнэхээр тусалдаг тухай Раджан өгүүлжээ.
Энэ бүх нүдэнд харагдаж, гарт баригдах сайн талуудыг үл харгалзан олон орны улс төрчид бичил зээлийн гайхамшгийг няцааж байгаа юм. Ядуусыг “хулхидах” нь нийгмийн бусад давхаргын хүмүүсийг хуурахаас хамаагүй амар хэмээн тэд өөрсдийн үзэл бодлоо тайлбарлах.  Харин бичил зээлийг дэмжигч талынхны тайлбарыг өөрсдийн үзэл бодолдоо хэт үнэмшсэн этгээдүүд зүгээр л нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргачихна. Тухайлбал, энгийн банкуудыг бодвол орон нутгийн ядуустай ажилладаг бичил зээлийн байгууллагууд хамаагүй их зардал гаргадаг учир хүү өндөр байдаг гэх тайлбарыг ердөө авч хэлэлцдэггүй ажээ. Ерөнхийдөө бичил зээлийн салбар нийгэмд мэдэгдэхүйц олон сайн тал авчирсныг Раджан онцолж байгаа. Ядуусыг Засгийн газраас хараат бус болгож буй учраас л бичил зээлийг улс төрчид нэг нүдээрээ ч үзэхгүй байх талтайг тэрбээр мөн тэмдэглэжээ.
Ямартай ч Бангладешийн хувьд улс төрийн тал ялж байгаа бололтой. Гэвч бичил зээл ядуурлыг бууруулахад нөлөөлж чаддаг хэмээн бат итгэсэн Юнус асар том ажил хийж чадсаныг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Тэрбээр өөрийн үзэл бодол, бизнесийн загварыг Бангладеш улсад баталж дөнгөсөн. Түүнчлэн “Grameen Bank”-ны үйл ажиллагаагаа бусад оронд хүртэл амжилттай цэцэглэсэн юм. 1997 онд бичил зээлийг олон улсын томоохон төсөл болгон хувиргасан тусгай сан бий болсон билээ. 2006 оны гуравдугаар сар гэхэд “Grameen Foundation” Ази, Африк, Латин Америк болон Ойрх Дорнодод ажиллаж байлаа. Энэ юу ч биш!  Хямралын ид үед “Grameen Bank” АНУ-ын зах зээлд хүртэл нэвтэрч чадсан юм шүү дээ.

No comments:

Post a Comment