Pages

Sunday, April 24, 2011

Өнгөрснийг ирээдүйтэй холбох гүүр

Андрей Зотов (ADJ Consulting компанийн удирдагч)

Бид байнга шинэчлэгдэж байдаг зах зээлд ажиллаж байна. Бизнесийн орчин асар хурдтай өөрчлөгдөж, шинэ хууль, шинэ ойлголтууд гарч ирсээр. Ийм нөхцөлд ажил хэргээ нэг жилээр ч урьдчилан төлөвлөнө гэдэг хэцүү. Гэхдээ...
 
Яагаад бизнес эрхлэгчид төлөвлөгөө боловсруулахаас цааргалдаг вэ?
Сав, баглаа, боодол үйлдвэрлэдэг нэгэн компанийн эзэн “Ноёд оо, та нар юу ярина вэ, гурван жилийн дараа гэдэг чинь  хэзээ ч үгүй л гэсэнтэй адил сонсогдож байна” хэмээн төлөвлөгөө гарга гэсэн бидний шаардлагад хариулж байв. Хэдэн жилийн дараа бид уулзахад тэрбээр бизнесийнх нь төлөвлөгөөг долоон жилийн хугацаатайгаар гаргаж өгсөн европын зөвлөгөөний компанийн тайланг надад бахархалтайгаар  үзүүлэхэд гайхширснаа  нуух юун. Юу ч биш, энэ төлөвлөгөөг хийлгэхийн тулд тэрбээр бидэнтэй тохиролцож байснаасаа дөрөв дахин их мөнгө төлсөн байсан шүү! Харамсалтай нь дүгнэлтүүд нь бидний тооцоолж байснаас дор хаяж 1.5 дахин өндөр, бас гарч болох эрсдэлийг тооцоолоогүй, борлуулалтын урьдчилсан таамаглал нь хамгийн өөдрөгөөр дүрслэгдсэн байлаа. Тэр үеэс хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус компанийн хувьд ямар ч хөрөнгө оруулагч  орж ирээгүй, харин хүчтэй өрсөлдөгчүүд л гарч ирсэн дээ. 
Бас нэг жишээ. Нэлээд өргөн тархсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго өвөртөлсөн нэгэн компани хэдэн жилийн өмнө бидэнд хандсан юм. Тэд олон улсын барааг дуурайлган хийж, мөнгөө өсгөхийг хүсч байлаа. Борлуулалтын төлөвлөгөөг 4-5 жилээр гаргах ёстой гэдгийг мэдэнгүүтээ тэд “Бид чинь ямар үзмэрч юм уу, одоо баахан юм амлачихаад, дараа нь түүнийгээ хэрэгжүүлж чадахгүй бол яах юм бэ?” гээд дуу алдацгаах нь тэр. Хачин санагдаж магадгүй. Тэд өөрсдийн  бүтээхээр төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүй бол яана гэж айж байлаа. “Хөрөнгө оруулалт татахын тулд л төлөвлөгөө хийж байгаа юм биш ээ. Харин хөгжлийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд л хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй бус уу” гээд л бид тэдэнд тайлбарлаж эхлэв. Ингээд хамтдаа суугаад, тэдний юунд хүрэхийг зорьж байгааг ярилцаад ирсэн чинь тооцоолж байснаас нь хавьгүй бага мөнгө хэрэгтэй гэдэг нь тодорхой болоодхов. Тийм ч болохоор бид энэ төслийн хөрөнгө оруулагчийг маш хурдан олчихсон юм даг.
Ер нь сайтар бодож боловсруулсан төлөвлөгөөг ажил хэрэг болшохын тулд шаардлагатай хөрөнгийг хялбархаан татаж чаддаг. Энэ ч утгаараа 3-5 жилээр урьдчилан тооцоолж, төлөвлөгөө гаргах нь чухал. Нэмж хэлэхэд, урьдчилсан таамаглал дэвшүүлэх нь төслийн стратеги, анхлан тавьсан зорилтуудаа нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөхөд ч  тусалдаг юм шүү. 

Хөрөнгө оруулагчид юуг үнэлдэг вэ?
Хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд бизнесмэнүүдийн ашиглаж буй төлөвлөгөөний логик  буюу учир зүйн дарааллыг ойлгохыг хүсдэг. Өсөн дэвжих бизнест “зөгнөл” зохихгүйг бүгд мэднэ. Тийм ч болохоор Таны гаргах төлөвлөгөө итгэл төрүүлэхээр, (үнэмшилтэй) байх ёстой. Төлөвлөгөөний нарийн ширийнийг компанийн удирдлага хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч боловсруулах аваас илүү үр дүнтэй. Өөрөөр хэлбэл, Таны төлөвлөгөө хоёр талын эрх ашигт нийцсэн байх учиртай.
Хөрөнгө оруулагчдад хандахаасаа өмнө “Таван жилийн дараа таны бизнес ямар байх вэ” гэдэг асуултад яс хариулахыг бодоорой. Гэхдээ толгойд чинь орж ирсэн бүхэн зөв байдаггүй юм шүү дээ. Та хөрөнгө оруулагчаа үргээчихэж ч мэднэ. Тиймээс бэлтгэлтэй байж, үндэслэлтэй, дээрээс нь  тодорхой хариулаарай.

Төлөвлөгөөг яаж гаргах вэ?
Бид хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг харж, дүгнэлт хийхдээ мэдээж тухайн компанийн өмнө нь явуулж байсан үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг хамгийн түрүүнд харж, харьцуулж эхэлдэг. Тиймээс төлөвлөгөө гаргахын тулд өмнө нь хийж бүтээсэн бүхнээ дүгнэж цэгнэн, түүн дээрээ тулгуурлах нь зүйтэй болов уу. Дараагийн жилүүдийн үр бүтээл, амжилт чинь өнгөрсөнтэйгөө уялдаж байх учиртай. Яагаад бизнес чинь өмнөхөөсөө илүү өргөжиж, илүү сайжрах ёстой гэж? Үүний тулд Та юу хийхээр төлөвлөж байна вэ?
Хөрөнгө оруулагчидтай уулзаж, хэлэлцээр хийхийнхээ өмнө бэлдэж болох аятайхан дасгал бий. Зүгээр л өөдрөг, гутранги гэсэн хоёр янзын төлөвлөгөө боловсруулчих! Тэгээд нэг замаас нөгөө зам руу хазайж болох бүх нөхцөлийг бодож тунгаагаад нэг үзээрэй. Энэ үед Та урьдчилан хараагүй эрсдэлийг олж, түүнийг хэрхэн тойрох арга барилаа ч гаргаад ирж мэдэх юм. Ингээд өөдрөг, гутрангийн голоор жинхэнэ төлөвлөгөөгөө гаргаарай. Өөрсдийнхөө бүх л боломжийг бодитоор үнэлж, итгэх хэрэгтэй. Энэ нь  хэтэрхий өөдрөг, эсвэл гутранги байхаас сэргийлнэ.
Дүрслэх аваас төлөвлөгөө гэдэг чинь өнгөрснийг ирээдүйтэй холбох гүүр юм шүү дээ. Энэ гүүрний ганц тулгуур нь Таны өөрийнхөө таамаглалыг бодитоор гаргаж, түүнийгээ тайлбарлах чадвар. Тиймээс хөрөнгө оруулагч Таны босгосон гүүрэн дээгүүр хамтдаа алхахаас айхгүй байх талаар бүхнийг хийгээрэй.  

Forbes сэтгүүлээс орчуулав

1 comment:

  1. Сонирхолтой ярилцлага, орчуулж хүргэсэнд баярлалаа

    ReplyDelete