Pages

Saturday, May 28, 2011

“Сингапур гайхамшгийн эцэг” шинэ үедээ зай тавьж өгөв үү?

Загасан сүүлт арслан буюу Сингапурын бэлгэ тэмдэг болох “Merlion”-ыг мэдэхгүй хүн дэлхийд үгүй болжээ. Аялал жуулчлалын таатай орчин, анагаах ухааны үсрэнгүй хөгжил, дэлхийд дээгүүрт орох боловсролын чанар зэргээрээ тус улс харийнхныг “даллаж”, халаасыг нь “сэгсэрнэ”. Сингапур хэмээх хот-улс руу монголчууд ч мянга, мянгаараа цувах болсон үе шүү дээ. Гэвч нэгэн үед юу ч үгүй байсан жижигхэн тосгон яаж, ямар замаар ийм хөгжилд хүрсэн нь сонирхол татна.
Саяхан залуу улстөрчдөд боломж олгохын тулд Засгийн газраа орхиж буйгаа мэдэгдсэн 87 настай Ли Гуан Юг “Сингапур гаймхшгийн эцэг” хэмээн өргөмжилдөг. Түүний бичсэн“From third world to first” гэдэг номыг дэлхийн нөлөө бүхий улстөрчид ширээний номоо болгосон бөгөөд монгол хэлнээ “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” хэмээн орчуулагдсан байдаг юм билээ. Японы Ерөнхий сайд асан Киичи Миязава “Энэ бол улсыг хэрхэн төвхнүүлэх тухай анхны сурах бичиг” хэмээн дээрх номыг тун ч оновчтой тодорхойлсон байдаг.
Улс бүтээхийн урлагт суралцсан хүн хэмээн алдаршсан Ли Гуан Ю мөн дарангуйлагч, үр хүүхдүүддээ албан тушаал бэлэглэгч хэмээн цоллуулах нь ч бий. Ямартай ч 1959 онд энэ хүнийг Сингапурын анхны Ерөнхий сайд болох үед тус улсын нэг хүнд ногдох ДНБ 400 ам.доллар байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 50  мянган ам.доллараас ч давчихаад байгаа юм. 52 жилийн турш шууд буюу шууд бусаар Сингапурын засгийн эрхийг атгаж ирсэн энэ эрхэмтэй хот-улсын хөгжил, цэцэглэлт нягт холбоотой ажээ.

“Ертөнц биднийг тэжээх албагүй...”
1819 онд 120 загасчин амьдарч байсан жижигхэн тосгоныг “British East India” компанийн Стэмфорд Раффлз анзаарч, Энэтхэгээс Хятад хүрэх далайн замын төв болгосон нь Сингапурын түүхийн хуудсыг нээсэн гэдэг. 1923 онд хятад гаралтай гэр бүлд төрсөн Ли Гуан Ю дорь идэр насандаа эх орон нь Их Британийн колончлолын үед цэцэглэж байхыг ч харсан,  Дэлхийн II дайны үеэр япончуудад эзлэгдэхийг ч үзсэн. Кэмбрижийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн энэ залуу 1959 онд 35 настайдаа өөрийн толгойг мэдэх болсон Сингапур муж улсын Засгийн газрын тэргүүн болно гэж зүүдлээ ч үгүй гэдэг. Түүний удирдлага дор арлын орон 1963 онд Малайтай нэгдэж үзсэн ч хоёрхон жилийн дараа туурга тусгаарласан билээ.
1965 онд 42 настай Ли Гуан Ю ийнхүү тусгаар тогтносон Сингапур улсын засгийн эрхийг барьж үлдсэн юм. Гэхдээ тухайн үед энэ орны ирээдүйд хэн ч итгэж байгаагүйг тэмдэглэх нь зүйтэй болов уу. “Sydney Morning Herald” сонины 1965 оны наймдугаар сарын 10-ны дугаарт “Тусгаар тогтносон Сингапур улс амьдарч чадна гэж гурван жилийн өмнө хэн ч хэлэхээргүй байсан. Өнөөдөр ч илүү амьдрах чадвартай болсон гэх баталгаа алга” гэж бичиж байв.  Харин Ли Гуан Ю шал өөр бодолтой байсан юм. Сингапур улс зүгээр ч нэг амь гараад зогсохгүй, Азийн санхүүгийн төв болно гэж том дуугарч байсныг яана.
Гэхдээ бодит байдал шал өөр байлаа. Газрын тасархай дээр байрласан, байгалийн баялаг гэх юу ч үгүй энэ орон ундны ус, элс шороогоо хүртэл импортолдог байсан юм. 1950-иад онд энд хятад, малай, энэтхэг гэсэн олон үндэстнийг багтаасан сая гаруй хүн л оршин суудаж байжээ. Үндэстэн хийгээд шашин хоорондын зөрчил, коммунизм капитализм хоорондын сөргөлдөөн зэргийг Сингапур улс тойрч биш, дайрч гарсан бөгөөд авлига, хээл хахуульд идэгдсэн энэ орныг удирдана гэдэг бэрх даваа байсан нь гарцаагүй. Ядаж байхад хоёр хөрш буюу Малайз, Индонези нь буруу хараад зогсохгүй, худалдааны бодлогоор хот-улсыг дарамтлах янзтэй. Монголчуудын дуртай “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” гэдэг хэллэг Сингапурт л яг нийцэх юм шиг.
Цэргийн бааз байрлуулсны төлөө Их Британиас Сингапурын авдаг төлбөр үндэсний нийт бүтээгдэхүүнийх нь 20 хувийг бүрдүүлж, 70 мянган хүнийг ажлын байраар хангаж байлаа. Лондоны хэвлэлүүд “Их Британийн цэргийн баазууд хаагдах юм бол Сингапурын эдийн засаг сүйрнэ” хэмээн бичиж байсан нь ч учиртай. Товчхондоо, үүнээс дор нөхцөл гэж байхааргүй байв. Тэр үед ард түмнээ хэн нэгний тусламжид найдах биш, өөртөө л найддаг болгох хэрэгтэйг ухамсарласан Ли Гуан Ю “Ертөнц биднийг тэжээх албагүй. Бид гуйланчлалаар хооллох ёсгүй” гэж хэлж байжээ.
Англичуудын цэргүүдээ татах ажлыг Сингапур улсад аль болох хохирол багатайгаар шийдвэрлэх нь Ли Гуан Югийн хувьд анхны том даваа нь байж. Үүнийгээ ч нааштай зохицуулчихаад хөрөнгө оруулагчдыг хайх их аянд морджээ. 1960-аад онд Хонконг, Тайваны аж ахуй эрхлэгчид Сингапурт үүд хаалгаа нээж, ажлын байр бий болгож эхэлсэн ч Ли Гуан Югийн хувьд энэ нь хангалтгүй хэрэг байлаа. Тэрбээр эх орондоо дэвшилт технологи нэвтрүүлж, иргэдээ өндөр чадвартай, боловсролтой болгохыг хүсэж байсан юм. Үүнийг Америкийн үндэстэн дамнасан корпорациуд л хийж чадна гэдгийг Ли Гуан Ю мэдэж байв.

Итгэл даах урлаг
Дотоодын зах зээл гэх юм үгүй, байгалийн баялаггүйн зэрэгцээ усны нөөцөөр хүртэл хомс энэ оронд үндэстэн дамнасан корпорациудыг яаж ажиллуулна гэж? Татварын хөнгөлөлт, тогтвортой байдал гэх хоёрхон томъёолол урдаа бариад зүтгэвэл юу ч олж долоохгүй нь тодорхой байсан тул Сингапурын Засгийн газар өөр зам сонгожээ. Ингээд 1961 онд Эдийн засгийн хөгжлийн төвийг байгуулсан нь хөрөнгө оруулагчдад олон яам, агенлагтай биш, ганц хамт олонтой харилцаж цаг заваа хэмнэх бололцоо бүрдүүлсэн аж. Газрын түрээсийн асуудлаас эхлээд дэд бүтэц, эрчим хүч, усны хангамж, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд бүхнийг энд л шийддэг байв. Гэвч энэ байгууллагынхан шууд амжилтад хүрчихээгүй. Хөлөө цуцтал компаниудын хаалга татаж, Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзан, Сингапур оронд хөрөнгө оруулаач хэмээн царай алдахад зарим нь ийм орон байдгийг ч мэдэхгүй толгой сэгсэрдэг байсныг Ли Гуан Ю дурссан нь бий. Тэр үед Эдийн засгийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд 40-50 компаниар ороход ганц нь л ямар нэгэн хариу өгдөг байжээ.
Харин 1968 онд “Texas  Instruments” компанийн төлөөлөгчид Сингапурыг сонирхож ирснээс байдал өөр болов. Үүний дараахан “Hewlett-Packard”-ын удирдлага энэ орныг  шохоорхож буйг  Эдийн засгийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд нь мэдчихээд, асуусан болгонд нь шөнө дунд ч хамаагүй хормын дотор хариу өгч, Сингапурт ирж үзэхийг зөвшөөрөх хүртэл нь амар заяа үзүүлээгүй гэнэ. Эцэст нь HP  хот-улсад үйлдвэрээ нээсэн. “Хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид арьсаа хуулж өгөхөөөс ч буцахааргүй байлаа” хэмээн Ли Гуан Ю бичсэн байдаг. Өнөөдөр энэ оронд Америк, Европ, Японы 3000 гаруй үндэстэн дамнасан корпораци, дэлхийд толгой цохих 200 орчим банк ажиллаж байгаа юм. Гэхдээ Эдийн засгийн хөгжлийн төв нь л энэ бүхнийг “уургалсан” уу гэвэл үгүй юм.
1971 онд Сингапурын эрх баригчид мод тарих өдрийг анх зохион байгуулсан нь уламжлал болон тогтжээ. “Гаднынхан манайд ирэхдээ мод, цэцэгсээр дүүрэн тансаг, цэвэрхэн гудамж, гольфийн талбай зэргийг харах хэрэгтэй байлаа. Энэ нь хотын оршин суугчдын ёс зүйд ч сайнаар нөлөөлж, аялал жуулчлалын хөгжлөөс эхлээд хөрөнгө оруулагчдыг татахад хүртэл хэрэгтэй байсан юм” гэж Ли Гуан Ю тэмдэглээд, “Сингапурчууд хэдийгээр гуравдагч ертөнцөд амьдарч байсан ч хөгжингүй орнуудаас хөрөнгө оруулагчдыг татахын тулд тэдний хэм хэмжээнд очих хэрэгтэй байсан юм. Наад зах нь англиар чөлөөтэй ярьж, хөгжингүй орнуудын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж, соёлжих ёстой байлаа” хэмээн дурссан байдаг. Үүнээс ч “From third world to first” (Гуравдагч ертөнцөөс анхдагч руу) номын нэр улбаатай буюу.
 “Хэрвээ хэн нэгэн надаас Сингапурын хөгжлийн хөшүүрэг юу вэ гэж асуувал би итгэл (confedence) гэж хариулна” гэж Ли Гуан Ю “Forbes” сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцолжээ. 1973 онд АНУ Израилийг дэмжиж байгааг арабын орнууд эсэргүүцээд, нефтийн хорио тавьснаас болж дэлхий даяар газрын тосны хомсдол нүүрлэж, үнэ нь дөрөв дахин өссөн байдаг. Тухайн үед “Shell, Mobil, Esso, BP зэрэг олон улсын томоохон компани Сингапурт ажиллаж байсан бөгөөд хот-улсын эрх баригчид өөрсдийн эрх ашгаа бодоод, эхний ээлжинд сингапурчуудын хэрэгцээг ханга гэсэн бол хэдэн өдрийн бензин, шатахуунаас өөр юу ч хожихгүй байсан биз. Харин Ли Гуан Ю олон нийтийн өмнө нефтийн компаниудад хандаж үг хэлэхдээ “Та бүхэн юуны түрүүнд харилцагчдадаа гэрээлсэн бүтээгдэхүүнээ хүргэ, сингапурчууд өөрсдийн квотыг хасахад бэлэн байна. Аливаа хүндрэлийг бид хамтдаа үүрч чадна” гэж мэдэгдсэн юм. Үр дүнд нь юу болсон гээч?
1970-аад онд Сингапур улсад нефть боловсруулах үйлдвэрлэл дөнгөж хөгжиж байсан бол 1990-ээд оны эхээр энд өдөрт 1.2 сая баррель газрын тос боловсруулж байсан нь Хьюстон, Роттердамын дараа буюу дэлхийд гуравдугаарт жагсах үзүүлэлт байв. Ийнхүү газрын хэвлийдээ дусал ч “хар алт”-гүй хот-улс нефтийн худалдаагаар Нью-Йорк, Лондоны дараа мөн л дэлхийд гуравдугаарт жагсах болжээ.
Яаж ийм амжилтад хүрч чадав аа? “Яагаад гэвэл бид хүлээсэн үүргээсээ хэзээ ч няцахгүй гэдгийг бүгд мэднэ. Бид гэрээ хийхээсээ өмнө бүх нөхцөлийг сайтар судалдаг. Тэгээд нэг бол үзэглэнэ, үгүй бол үзэглэхгүй. Гэхдээ үзэглэсэн л бол ямар ч тохиолдолд үүргээ биелүүлнэ. Ямарваа хэлэлцээний ард Та алдаж болно. Харин урт хугацаанд хийх ёстой бүхнээ хийж чадвал ялагч л болж үлддэг юм” хэмээн Ли Гуан Ю хэлснийг “Forbes” онцолжээ.

Сингапурт шинэ эрин эхлэх үү?
1959 оноос засгийн эрх барьсан Ли Гуан Югийн албан тушаалыг 1990 онд Го Чок Тонг залгамжилсан байдаг. Гэвч тэрбээр “Сингапур гайхамшгийн эцгийг” засгаас зүгээр л гаргачихаагүй, Ахлах сайд гэх албан тушаалд үлдээснээр барахгүй том хүү Ли Шиен Лүүнийг нь өөрийн орлогчоор томилжээ. Үүнээс болж Го Чок Тонг гэх “хүүхэлдэй” Ли Гуан Югийн хүүгийн ирээдүйн үүрийг бүлээцүүлж байна хэмээн доог тохуу хийх шүүмжлэгчид олширсон юм. Түүнчлэн Ли Гуан Югийн бага хүү Шиен Ян “Сингапур Телеком” компанийн ерөнхий захирлаар томилогдох үед ч хэл ам тасарсангүй. “Үр хүүхдүүддээ албан тушаал бэлэглэгч”, “Садам Хуссейнээс өөрцгүй дарангуйлагч” хэмээн барууны нөлөө бүхий хэвлэлүүд Ли Гуан Юг буруутгаж байсан юм.
Үнэхээр ч Ли Гуан Югийн том хүү 2004 онд Ерөнхий сайдын суудлыг авсан бөгөөд өнөөдөр ч энэ албан тушаалаа хадгалж байгаа билээ. Ингэхдээ өөрийн аав болон Го Чок Тонгийг Зөвлөх сайд, Ахлах сайдын албан тушаалд мөн л үлдээсэн байдаг. Харин тавдугаар сарын 16-нд энэ хоёр эрхэм хоёул Засгийн газар дахь суудлаасаа татгалзаж, шинэ үеийн улстөрчдөд зай тавьж өгч буйгаа мэдэгдсэн нь цаанаа учиртай. Юу гэвэл 1959 оноос л засгийн эрхэнд дангаараа ноёрхсон, Ли Гуан Югийн үүсгэн байгуулсан Ардын ажиллагааны нам (People's Action Party) өнгөрсөн тавдугаар сарын 7-нд болсон сонгуулиар парламентын 87 суудлын зургааг нь сөрөг хүчиндээ алдсан юм. Энэ нь тус намын түүхэн дэх хамгийн муу үр дүн болжээ.
“Ли Гуан Ю өөрийн санаачилгаар албан тушаалаа өгсөн ч гэлээ парламентад байсаар л байна. Тэрбээр арын суудлаас илтгэл, хэлэлцүүлгээ өрнүүлж, олон нийтийн өмнө гарч, мэдээж илүү олон ном бичнэ” хэмээн “The Economist” тэмдэглээд, хот-улсын үүсгэн байгуулагчийн өөрийнх нь хэлсэн үгийг иш татжээ.  “Би өвчтэй хэвтэж байлаа ч, та нар намайг булшлах гэж байлаа ч, ямар нэгэн зүйл буруу явж байгааг мэдрэх л юм бол босоод ирнэ шүү” хэмээн Ли Гуан Ю 1988 онд хэлсэн удаатай аж.
Өнөөдөр Сингапур улс нэг хүнд ногдох орлогоороо дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, өндөр технологийн үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээгээрээ Зүүн Өмнөд Азидаа тэргүүлж буй. Гэвч 40 хүрээгүй сингапур залуусын ихэнх нь хот-улс тусгаар тогтноод, Азийн бар болох замд юу тохиолдсоныг ойлгохгүй, бүрхэг өдрүүдийг мэдэхгүй. Тиймээс өнөөдөр шинэ үе шинэ эринд ороход бэлэн байгаа нь ойлгомжтойг “The Economist” онцолжээ. Ямар ч байсан энэхүү хот-улсын түүх Ли Гуан Ю гэдэг удирдагчтай нягт холбоотой бөгөөд дэлхийн нөлөө бүхий улстөрчид ч үүнийг хүлээн зөвшөөрдөг буюу.
Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер “Ли Гуан Ю суртал ухуулгын утааг сарниулж, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг олж хараад, тодорхой хэлдэг байсан. Тэрбээр ганц ч удаа алдаж байгаагүй” хэмээн тэмдэглээд, “Нэгэн үед Сингапур Их Британиас суралцаж байлаа. Эдүгээ бид Сингапураас үлгэр жишээ авч байна” гэжээ.

No comments:

Post a Comment