Pages

Sunday, May 29, 2011

Луугийн өсөлт

Олон улсын валютын сангийн таамаглал сенсаац дэгдээв. 2016 он гэхэд Хятадын эдийн засаг Америкийг ардаа орхиж, дэлхийд тэргүүлнэ хэмээн уг байгууллагын мэргэжилтнүүд дүгнэжээ. АНУ-ын эдийн засаг 1890-ээд оноос тухайн үеийн лидер Их Британийг шахан дэлхийд тэргүүлж эхэлсэн бөгөөд хэн нэгэнд байраа тавьж өгөлгүй өдий хүрч байна. Гэхдээ дэлхийн тэргүүлэх эдийн засгийн эзэн халаагаа хятадуудад өгнө хэмээн шинжээчид нэлээд хэдэн жилийн турш ярьж байгаа юм. Гол нь үүний тулд дахиад 15 жил шаардлагатай гэж таамаглаж байв. Гэтэл яагаад энэ хугацаа 10 жилээр наашилчихав аа?
Олон улсын рейтингийн агентлаг болох “Standard & Poor's” энэ ертөнцийн хамгийн найдвартай зээлдэгч хэмээн тооцогддог Америкийн зэрэглэлийг бууруулж, “тогтвортой”-гоос “сөрөг” болгосон билээ. Тус улсын өр гэрлийн хурдаар нэмэгдэж, 14.2 их наяд ам.долларт хүрсэн нь ДНБ-тэйгээ дүйцэх болов.
Дэлхий даяараа эдийн засгийн өсөлтөө хадгалах, хангах гэж мэрийж байх зуур хятадууд шал өөр бодлого баримталж буй. “БНХАУ-ын эрх баригчид орон сууцны үнийг тогтоон барихад гол бодлогоо чиглүүлж байна. Түүнчлэн хүнсний үнэ цаашид ч өсөх төлөвтэй байгаагаас инфляцийг бууруулахад анхаарах болсон” хэмээн Дэлхийн банкны Хятадыг хариуцсан тэргүүлэх эдийн засагч Ардо Ханссон онцолсон юм. Урд хөршид инфляци 5.4 хувьд хүрсэн нь SOS зарлахуйц түвшин гэнэ. Үнийн өсөлтийг “чөдөрлөх”-ийн тулд Хятадын Төвбанк хэд хэдэн удаа бодлогын хүүгээ нэмж, мөнгөний бодлогоо чангаруулж буй. Гэхдээ л Хятадын өсөлт дэлхийг алмайруулсан хэвээр. Тус улсын ДНБ энэ онд 9.3 хувиар өсөх төлөвтэйг Дэлхийн банк мэдэгдсэн юм.
Гэхдээ Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ ердөө 4000 доллар байгаа нь маш бага үзүүлэлт билээ. Өөрөөр хэлбэл, хятадуудад хийх зүйл их байна. Хүн амын тоогоороо энэ орон Японоос 10 дахин давж буйгаас үзэхэд эдийн засгаа илүү тэлэх боломжтой нь харагддаг.
XXI зууны эхний 10 жилийг эдийн засгийн хэмжээгээрээ долдугаар байрт жагсаж эхэлсэн БНХАУ бүх өрсөлдөгчөө гүйцэж түрүүлсээр АНУ-ын дараа орж, аман хүзүүдсэн билээ. 2000 онд Италийг, 2005 онд Францыг, 2006 онд Их Британийг, 2007 онд ХБНГУ-ыг ардаа орхиж, 2010 оны сүүлчээр Японы өмнө жагсах болсон. Японы эдийн засаг сүүлийн 30 жилийн хугацаанд тасралтгүй эзэлсэн байр сууриа Хятадад яагаад алдчихав аа?
1980-аад оны эхээр Дэн Сяопины шинэчлэлийг дөнгөж эхлүүлж байсан энэ орон өнөө үетэй харьцуулахад даанч танигдахааргүй байжээ. Ядуу буурай урд хөрш маань тодорхой хэмжээгээр үйлдвэржсэн байсан ч барууны орнуудтай харьцуулах нь инээдтэй хэрэг байв. 1990 онд Хятадын ДНБ овоо томорч, 390 тэрбум ам.долларт хүрч байх үед Японых гурван их наяд доллараас ч давчихсан тууж явсныг дурсахад илүүдэхгүй биз. Гэтэл гадаадаас үйлдвэрлэлийн технологи шууд импортлох замаар үйлдвэржилтийн эхний шатаа дуусгасан хятадууд эрч хүчээр дүүрэн ажиллаж гарах нь тэр. Ингээд Азийн хамгийн том бар болох манай урд хөрш гангийн үйлдвэрлэл, электрон барааны угсралт, бөс барааны хувьд дэлхийд толгой цохиж эхэллээ. 1998 онд Хятадын ДНБ Азийн эдийн засгийн хямралыг үл харгалзан нэг их наяд ам.доллараас давсан юм. Ер нь манай урд хөрш хямралыг ажралгүй даваад зогсохгүй ашиг олж чаддагаа нэг бус удаа баталсан билээ.
2008 онд эхэлсэн дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал Хятадыг улам хүчирхэгжүүлсэн тухай эдийн засагчид тайлбарладаг. Дэлхийн бүх улс орон хүнд байдалд орсон байхад зөвхөн хятадууд л од шүүрч чадсан юм. Монголчууд зэсийн үнэ тонн нь 4000 доллараас доош ороход л эдийн засгийн уналт, төсвийн алдагдал, валютын ханшийн хэлбэлзэлд хиар цохиулж, өрөвдөлтэй байдалд орсон. Тэгээд Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ өсөхийг нүдээ чилтэл харж, хүлээж суусан. Харин хятадууд эсрэгээрээ, хямралаас болж түүхий эдийн үнэ унасан үеийг ашиглаад их бүтээн байгуулалтын ажилдаа шамдан орж байв.
АНУ, Япон, Европын орнууд “сульдаа”-тай байх үед хэчнээн ч томоохон банк, компанид өөрийн нөлөөгөө бататгаж амжив даа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятадын төрийн өмчит компаниудын дэлхийн өнцөг булан бүрт худалдаж авсан алт, зэс, нефтийн ордуудын тоо ч тоймоо алдсан. Одоо ашигт малтмалын үнэ өсөөд эхэлсэн учраас хямралын үед хятадуудын задгай мөнгөө шажигнуулан худалдаж авсан ордуудын үнэлгээ хэд дахин өссөн билээ.
За тэр ч яах вэ. 2010 оны байдлаар АНУ-ын ДНБ 14.6 их наяд ам.доллар байгаа нь Хятадынхаас 2.5 дахин өндөр үзүүлэлт юм. Гэхдээ 1980 онд бол америкчууд Хятадаас 14 дахин том эдийн засагтай байсныг сануулах нь зүйтэй болов уу. Үүнээс үзэхэд гэрлийн хурдаар урагшилж буй БНХАУ таван жилийн дараа америкчуудыг ардаа орхиж чадахгүй гэх аргагүй. Ер нь олон мэргэжилтэн хятадууд АНУ-ыг ардаа орхиж, эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлнэ хэмээн итгэдэг. Гол нь хэзээ вэ гэдэгт л байгаа юм. “Deutsche Bank” банкны шинжээчдийн үзэж буйгаар энэ нь 2020-иод оны эхээр болох бол “Standard Chartered” энэ арван жилийн сүүлчээр тохионо гэж үзэж буй. “Goldman Sachs”, “Pricewaterhouse Coopers” гээд бүгд л өөр өөрсдийн тоог хэлдэг. ОУВС болохоор 2016 онд энэ түүхэн үйл явдал болно гэлээ. Хэн нь илүү дөхүүлснийг хүлээх л үлдэх шив дээ.



No comments:

Post a Comment