Pages

Thursday, June 9, 2011

Импортыг орлох “удирдлага”

SOS! Оросоос авч буй эрчим хүчний импорт маань огцом өсөөд эхэлснийг Та анзаарч байна уу? Манай дулааны цахилгаан станцууд жилдээ дөрвөн тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэн, оргил ачааллын хэрэгцээгээ ОХУ-аас импортоор авч  хаасаар өнөөдөртэй золгож буй. Өмнө нь бид хойд хөршөөс жилдээ 130 орчим сая кВт.ц цахилгаан худалдаж авдаг байсан учраас нэг их санаа зоволгүй ирсэн байж болно. Гэвч өнгөрсөн жил уг үзүүлэлт 21 хувиар суга өсөн 157.5 сая кВт.ц болж, энэ онд бүр 200 сая кВт.ц-т хүрч цойлох төлөвтэйг албаны хүмүүс тооцоолж сууна. Хот хүрээгээ тэлж, эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам Монгол орон маань Оросоос хараат болох гээд байна шүү дээ. Гэтэл хойд хөршийн эрчим хүчний салбар энэ оноос чөлөөт зах зээлд бүрэн шилжсэн учраас монголчуудад өндөр үнэ тулгахыг үгүйсгэх аргагүй болчихлоо. Ер нь манайд эрчим хүч нийлүүлдэг “Интер РАО ЕЭС” нийгэмлэг үнээ байнга өсгөж ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн өдийд бүр 60 хувийн гэнэтийн өсөлтөөр сюрприз барьж, монголчуудыг сандаргаад авсныг сануулахад илүүдэхгүй биз ээ. Яах вэ, холбогдох албаныхан оросуудыг аргадаж, удаа дараа ярилцаж, хэлэлцсэний үр дүнд энэ асуудлыг Монголын талд дарамт учруулахгүйгээр шийдэж чадсан. Гэхдээ ахиад ийм байдал үүсэхийг байг гэхийн газаргүй ээ. Ер нь бид яагаад Оросоос цахилгаан импортлоод, царай алдаад байдаг билээ?
19-22 цагийн хооронд бүх хүн гэртээ ирээд, хоолоо хийгээд, зурагтаа үзээд ирэнгүүт хэрэглээ 150-200 МВт-аар гэнэт өсчихдөг ажээ. Оргил ачааллын энэ үеийг манай дулааны цахилгаан станцууд зуухаа ажиллуулаад хангачихаж болох ч 16 цагийн турш явж байж горимоо буюу хүчин чадлаа авдаг, мөн тэр хэмжээгээрээ  ажиллаж байж унтардаг тухай мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Энэ хугацаанд урсах түлшний зардал, ажиллах хүчний зардал зэргийг аваад үзэхээр оргил ачааллаа импортоор авч хаах нь хамаагүй хямд тусдаг ажээ. Гэвч энэ байдлаас гарах гарц бийг мэргэжилтнүүд олж хараад, ажил хэрэг болгохын тулд ярьж хэлсээр долоон жилийн нүүр үзэж байгааг л энэ нийтлэлдээ өгүүлэх гэсэн юм.
УЦС-ын турбинууд хүчин чадлаа хормын зуур өөрчилж, эрчим хүчний боловсруулалтын тохируулагч болж чаддаг давуу талтай ажээ. Маневрлах чадвар муутай дулааны цахилгаан станцууд шиг горимоо авахын тулд хэдэн арван цаг сажлах шаардлагагүй!  УЦС нь нэг товчлуур дараад л цахилгаан үйлдвэрлээд, оргил ачаалал буурангуут хөдөлгүүрээ зогсоож, усаа нөөцлөөд дараагийн оргил ачааллын үед ажиллаад явах боломжтойг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэпүрэв тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл, усны эрчим хүч нь манай орны хувьд импортын хараат байдлаас гарах хөшүүрэг болж чадах юм. Энэ сайхан боломжийг эрх баригчид мэдсээр байж хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн нь гайхалтай. Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа УЦС гэдэг нь Монголд ч, дэлхийд ч шинэлэг зүйл биш шүү дээ!  
Эрчим хүчний дэлхийн хэрэгцээг 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах бололцоотой хэмээн АНУ-ын Стэнфордын их сургуулиас хийсэн судалгаанд дүгнэжээ. Норвеги, Парагвай, Канад зэрэг орны туршлагаас үзэхэд хүн төрөлхтөн нүүрсээр дулаан, цахилгаанаа хангахаас бүрмөсөн татгалзана гэвэл болохгүй зүйл үгүй ч юм шиг. Ер нь байгаль эхийг уйлахад хүргэж буй дулаарал, цөлжилттэй тэмцэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд улс орнууд уламжлалт аргаар нүүрс түлэн гал гаргахаас аль болох зайлсхийж, цэвэр эрчим хүчний салбараа хөгжүүлэхэд анхаарч эхлээд буйг мэдэхгүй хүн үгүй биз.
Сэргээгдэх эрчим хүч дотроо мэдээж УЦС томоохон үүрэгтэй. Усны эрчим хүчийг XIX зууны сүүлчээс л улс орнууд ашиглаж эхэлсэн боловч асар богино хугацаанд энэ салбар өргөжин тэлж байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу. УЦС-ын экологийн болоод эдийн засгийн үр өгөөжийн талаар ярих ч юм биш. Зүгээр ч нэг сэргээгдэх эрчим хүч гэхээсээ илүү мөн ядуурлыг бууруулж, тогтвортой хөгжлийг авчирж чаддаг учраас хөгжиж буй болон буурай орнууд хүртэл УЦС-ыг ихэд шохоорхох болжээ. Дэлхий дээр эдүгээ 1.6 тэрбум хүн УЦС-ын тусламжтайгаар халуун хоол, дулаан орон гэртэй байгааг Дэлхийн банк онцолсон байна. Ялангуяа Африкийн орнуудын хувьд УЦС нь иргэдээ цахилгаанаар хангах сайн шийдэл болж буй ажээ. Учир юу гэвэл уснаас гаргаж авсан цахилгааны өртөг дулааны цахилгаан станцуудтай харьцуулахад хамаагүй хямд байдаг гэнэ.
Тухайлбал, манай хойд хөршид УЦС-ын үйлдвэрлэсэн цахилгааны өртөг дулааны цахилгаан станцын боловсруулж байгаагаас хоёр дахин бага байдаг аж. Монголд ч мөн ялгаагүй. Дөргөний УЦС-ын үйлдвэрлэж буй нэг кВт.ц цахилгааны тарифыг 32.11 төгрөг байхаар баталсан байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр төвийн бүсийн эрчим хүчний компаниуд нэг кВт.ц цахилгаанаа айл өрх, аж ахуйн нэгжүүдэд 71-100 төгрөгөөр зарж байгаатай харьцуулаад үзэхэд л усны эрчим хүч ямар хямд, хэмнэлттэй байгаа нь ойлгомжтой болох биз ээ.
Эдүгээ дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээний 20 орчим хувийг УЦС-ууд хангаж байгаа гэдэг. Энэ хэмжээгээр нүүрс түлж гаргах байсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, экологийн тэнцвэрт байдлыг хангахад өөрийн үүргээ гүйцэтгэж байгааг нурших юун. Манай орны хамгийн том гол болох их уст Сэлэнгэ мөрөн дээр каскад-цуваа УЦС барих замаар цэвэр эрчим хүч гарган авч, Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хотын утаа угаарыг арилгах боломжтойг мэргэжилтнүүд ярьдаг юм билээ. Тэгэхээр усны эрчим хүчийг мөн агаар цэвэршүүлэх үүднээс ч харж болох нь ээ. Аргагүй шүү дээ, нэг ч грамм нүүрс түлэлгүйгээр цахилгаан үйлдвэрлэх юм хойно.
Дэлхий даяар усны эрчим хүчний салбар хөгжихийн хэрээр техник, технологи нь ч улам бүр сайжирч, санаанд оромгүй томоохон төслүүд урагшилсаар. Зөвхөн нэг жишээ дурдахад Бразил–Парагвай улсын дундын эзэмшлийн 14000 МВт-ын Итайпу УЦС жилд 94 тэрбум кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж рекорд тогтоож буй. Ийм хэмжээний цахилгаанаар дэлхийн бүх улс орныхоёр хоногийн турш  хангаж болох ажээ. Харин Канад улс нь байгаль цаг уурын нөхцөл хийгээд хүн амын нягтралаараа манай оронтой нэн төстэй учраас сонирхол татах болов уу.  Тус улс УЦС-аар жилдээ 350 тэрбум кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, усны эрчим хүчний үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохидог юм билээ. За тэгээд  50 тэрбум кВт.ц цахилгаан  АНУ-д экспортолж байгаагаас үзэхэд УЦС нь Канадын хувьд байгальд ээлтэй цэвэр эрчим хүчээр зогсохгүй орлогын эх үүсвэр, “валютын үйлдвэр” болж чадаж байна шүү дээ. Энэ мэтийн сайхан туршлагаас судлах замаар монголчууд сэргээгдэх эрчим хүчний “ноу хау”-г эх орондоо нутагшуулж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах аятай боломж нээлттэй байна. 1997 онд Канадын Парламентын дарга Монголд айлчлахдаа усны эрчим хүчний  өндөр технологитойгоо танилцуулж,  хамтран ажиллах санал тавьсан удаатай бус уу? Ер нь усны эрчим хүчний үйлдвэрлэлээр манай урд хөрш дэлхийд тэргүүлэхдээ АНУ, Бразил, Канад болон ОХУ-ыг араасаа дагуулж буй ажээ. хэрэгцээг
Баруун бүсэд Дөргөний УЦС ашиглалтад орсон нь манай орны нөхцөлд усны эрчим хүчийгдөрвөн улирлын турш тогтвортой ажиллуулан ашиглах бүрэн боломжтойг нотолсон гэлтэй. Гэвч ний нуугүй хэлэхэд 12 МВт-ын Дөргөний УЦС, Тайширын 11 МВт-ын хүчин чадалтай станц нь даанч чамлахаар хэрэг юм. Учир нь манай улсын усны эрчим хүчний нөөц бүхэл бүтэн 56 тэрбум кВт.ц-аар үнэлэгдсэн байдаг ажээ. Энэ нь эдүгээ Монголд бүтэн жилийн турш үйлдвэрлэж буй нийт эрчим хүчнээс даруй 14 дахин өндөр үзүүлэлт гээд бод доо! Тиймээс бид төвийн болон зүүн бүсийн усны эрчим хүчний баялаг нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар. Азийн хөгжлийн банкны тусламжаар хийсэн Эрчим хүчний мастер төлөвлөгөө болон Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрт ч гэсэн томоохон УЦС-уудын төслийг хэрэгжүүлэх талаар зөвлөмж тусгасан байдаг шүү дээ! жилийн
Харамсалтай нь монголчуудын дунд газар авсан буруу, ташаа ойлголт дэлхийн чиг хандлага Монголд нэвтрэхэд чөдөр тушаа болж байгаа юм. Байгаль орчин, цаг агаарын дулааралтай холбоотойгоор хур тунадасны хэмжээ буурснаас болж Тайширын УЦС-ын ус нөөцлөх хугацаа нэг жилээр ухарснаас болж сэргээгдэх эрчим хүчний тухай сөрөг ойлголт манай нийгэмд бугшжээ. “Тайширын УЦС-ын ус дүүрэхгүй байна, тиймээс энэ нь бүтэхгүй эд юм байна” гэж энгийн иргэд төдийгүй эрх баригчид хүртэл заримдаа ярьж явдгаас хараад л ийм дүгнэлтэд хүрч болох юм. Ийнхүү дэлхийн чиг хандлагын эсрэг алхах хэрэг байна уу?
Цаг уурын өөрчлөлт, цөлжилт, дулаарал газар авахын хэрээр хүн төрөлхтөн байгальд хал багатайхан шиг “гал гаргах” арга, саам сөвөгчилсөөр. Сүүлийн 10 жилд хамгийн хурдтай өргөжин тэлсэн усны эрчим хүч нүүрс түлэх уламжлалт аргыг орлох тал дээр хамгийн их найдлага төрүүлж буй. Харин монголчуудын хувьд УЦС нь цэвэр эрчим хүчний эх үүсвэр болоод зогсохгүй импортыг орлох хямд цахилгааны “ундрага”, оргил ачааллын үед аврах “удирдлага” болж чадах ажээ. 
220 МВт-ын Эгийн голын УЦС-ыг барихад 350-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж байсан. 220 мВт гэдэг чамлахаар үзүүлэлт биш ээ! Төвийн эрчим хүчний системийг нуруун дээрээ үүрч буй ТЭЦ 4 маань 580, ТЭЦ 3 нь ердөө 136 МВт-ын хүчин чадалтай байгааг санацгаая. Мөн зөвхөн энэ хоёр станц хүчин чадлаараа ажиллахын тулд бараг дөрвөн сая тонн нүүрс түлнэ гэдгийг бодоод үзье. Нөгөө талаас дулааны цахилгаан станцыг 30 жил болоод л шинэчлэх хэрэгтэй болдог бол 100-гаас дээш жил ажиллах боломжтой байдаг УЦС нь үнэхээр улс орны хөгжлийг тогтвортой болгож чаддагийг амьдрал баталжээ.
Товчхондоо, томоохон УЦС-ыг барьснаар бид өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангаад импорт гэдгийг таг мартаж болох нь. Мөн нэг ч грамм нүүрс түлэлгүйгээр иргэдээ хямд бөгөөд байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчээр хангана гээд төсөөлөөд үз л дээ. Сайхан биш гэж үү? Эгийн голын ТЭЗҮ-ийг Азийн хөгжлийн банкны тусламжаар хийсэн нь тоосонд дарагдаад хэвтэж байна. Мөн Сэлэнгэ мөрөнд 200 МВт, Орхон голд 100 МВт-ын боломж байгааг мэргэжлийн хүмүүс тооцоолжээ. Эхний ээлжинд энэ гурвын аль нэгийг хөдөлгөх нь зайлшгүй шаардлагын нэг болсныг Т.Цэрэпүрэв дарга тэмдэглэсэн юм. Цаасан дээр амилж, цаг өнгөрөх тусам тоосонд дарагдаж буй энэ мэт сайхан төслийг ажил хэрэг болгох л үлджээ.  

No comments:

Post a Comment