Pages

Thursday, June 16, 2011

Гурван хавцлын гайхамшиг

Хятадын эрх баригчид, эрчим хүчний салбарынхан энэ оны тавдугаар сард их ажлын ард гарлаа. Шар мөрнийг түшиглэн сүндэрлэсэн Гурван хавцлын цахилгаан станц 14 жилийн нөр их хөдөлмөр шингэсэн бол өнөөдөр усан дор байраа эзэлсэн аварга том зургаан турбин хэвийн ажиллаж байгаа, эсэхийг нягтлан шалгах л үлджээ.
Шар мөрний Гурван хавцлын бүсэд аварга том далан барих санаа нь шинэлэг зүйл байгаагүй юм. 90 гаруй жилийн өмнө Хятадын улс төрийн лидер Сүн Зонг Шан (Sun Zhongshang) энэхүү төслийг хэрэгжүүлэх санал гаргаж байжээ. Үүнээс хойш гадаад, дотоодын мэргэжилтнүүд энэ тал дээр олон тооны судалгаа хийж байв. Харамсалтай нь дэлхийн түүхэнд өмнө нь ийм том хэмжээний усан цахилгаан станц бүтээн босгож байсан түүх үгүй учир Гурван хавцлын далан гэдэг бүтэхгүй мөрөөдөл мэт сэтгэгдэл төрдөг байжээ.
Харин  1992 онд БНХАУ-ын эрх баригчид барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасны дараа Засгийн газар нь ажилдаа яаравчлан орсон байна. Олон зуун жилийн турш Шар мөрөн эргээ даган амьдардаг хүмүүсийг үе үе үерлэн айлгаж, амар заяа үзүүлдэггүй байв. Үүний хажуугаар хятадууд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ энэхүү усан цахилгаан станцаар хангах зорилго өвөртөлсөн юм. Ийнхүү нэг сумаар хоёр туулай буудах асар том төслийн барилгын ажил 1994 оны арвахоёрдугаар сарын 14-нд албан ёсоор эхэлсэн байдаг.
Шар мөрний ойр орчмын хүмүүс үерий улмаас амь нас, эд хөрөнгөө алдаж ирсэн тухай дээр дурдсан. Сүүлийн 2000 жилийн хугацаанд аймшигт гамшиг 200 гаруй удаа болж, XX зуунд л гэхэд хагас сая хүний амийг авч оджээ. Зөвхөн 1931 онд болсон үеот 145 мянган хүн живж, хөдөө аж ахуйн 333 мянган га (hectares) газар сүйдэж байсан гээд бод доо! 22.1 тэрбум шоо метрийн усны нөөц бүрдүүлэх далан барьснаар энэ асуудлыг шийдэж болох байсан нь Хятадын эрх баригчдыг хөдөлгөх хүч болсон юм. Үүний хажуугаар 22400 МВт-ын хүчин чадал бүхий Гурван хавцлын усан цахилгаан станц жилдээ урд хөршийн нийт эрчим хүчний нийлүүлэлтийн есний нэгийг бий болгох тооцоо гарч байжээ.
Далан барихын тулд 1.2 гаруй сая хүнийг нүүлгэн шилжүүлснээс үзэхэд 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардаж байсан энэ төсөл амар хялбар хэрэгжээгүй юм. Үүний хажуугаар Шар мөрөнд идээшдэг хятад далайн гахай болон хилэм загасны амьдралд барилгын ажил яаж сөргөөр нөлөөлөхийг тооцоолж, аюулаас хамгаалах гээд олон асуудал тулгарч байсныг шийдэж чаджээ. Энэ бүхнийг даван туулсны эцэст цэвэр эрчим хүч үүсгэх замаар жилдээ 50 сая тонн түүхий нүүрс шатааж гаргах хорт утааг алга хийж, тэр хэрээр байгаль орчинд таатай нөлөө үзүүлжээ.
Хятадын ард түмэн өөрсдийн хүч хөдөлмөр болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Гурван хавцлын төслийг хэргэжүүлж чадна гэдэгтээ бүрэн итгэж байсан учраас л хийж чадсан гэлтэй. 2003 онд тэд их ажлынхаа анхны үр дүнг харж, эхний усан цахилгаан үүсгүүрээ ажиллуулж, эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн юм. Өнөөдрийг хүртэл төслийн барилгын ажил үргэлжилсээр, тус бүр 700 МВт-ын хүчин чадал бүхий 26 турбин ашиглалтад орсон байгаа. Жилдээ 100 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий энэ нүсэр эд 2010 онд л гэхэд 84.37 тэрбум кВт.ц цахилгаан боловсруулжээ. Үүнийгээ 1000 км-ийн зайд хүргэж байгаа нь мөн алмайрам үзүүлэлт билээ.
Харин өнөөдөр 14 жилийн турш ажилласны үр дүнд сүүлчийн даваа буюу газар доорх зургаан турбиныг бэлэн болгож, зорьсон хэмжээндээ буюу 22400 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай болж байгаа юм. Энэ нь усан цахилгаан станцаараа зартай Бразил, Канад, Венесуэл, Парагвай зэрэг орныг ардаа орхиж, дэлхийд №1 болсон хэрэг. Гэхдээ Хятадын эрх баригчдын гол зорилго энэ байгаагүй ээ. Шар мөрний Жиан жин бүсэд аж төрдөг 15 сая хүн болон газар тариалангийн 1.5 сая га талбайг үерээс хамгаалж чадахаар болсон нь л энэ орны хамгийн баярт мэдээ билээ.

1 comment:

  1. Сайхан блог байна. Аргагүй сэтгүүлч хүн шиг гоё бичжээ. Амжилт хүсье. Өө бас бидний жижигхэн блогоор орж санал бодлоо хуваалцвал баяртай байх болно. ;-)

    ReplyDelete