Pages

Tuesday, June 7, 2011

Алдагдсан боломж буюу алтны ралли

Дэлхийн зах зээл дэх алтны үнэ хүн төрөлхтнийг алмайруулж байна. Дөрөвдүгээр сарын 29-нд унци алт 1565 ам.доллараар арилжаалагдсанаар түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Гэтэл нэгэн үед алтаар аврагдаж байсан Монгол оронд шар металлын олборлолтын хэмжээ гэрлийн хурдаар буурч буй. Төвбанкинд тушаах алтны хэмжээ таван жилийн дотор долоо дахин багассан байх жишээтэй. Уг металлын үнэ тэнгэр чиглэн түргэлж буйгаас олон улсын алтны зах зээлд урд хожид үзэгдээгүй өөрчлөлт бий болжээ. Харин Монгол оронд 68 хувийн татвар үгүй болсон ч оронд нь урт нэртэй хууль гарч ирснээр алтны үнийн өсөлтийг ардаа орхиж, “алтан боломж”-оо алдах шинжтэй. 

Амьдралд ойрхон ховор эрдэнэ
Эрчүүд хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихдаа юу өгдөг билээ? Мэдээж алтан бөгж! Энэ ч утгаараа шар металл хайр дурлалын бэлгэ тэмдэг хэмээн тооцогддог биз ээ. Гэвч олон мянган жилийн турш алт нь хайр дурлал төдийгүй хагацал зовлонгийн ужиг шалтгаан болж ирсэн. Алтнаас болж энэ ертөнцөд дайн дажин хэчнээн болсныг хэлэхэд хэцүү.
6000 жилийн тэртээ алтаар анх гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн хийж байсан гэх. Үүнээс хойш алтны хэрэглээ хүрээгээ тэлсээр анагаах ухаан, өндөр технологийн нэгээхэн бүрэлдэхүүн болсон байдаг. М.э.ө. 600 онд алтаар хиймэл шүд хийж эхэлсэн бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарт шар металлыг ашиглах анхны туршилт болж байв. 1985 онд эмийн үйлдвэрлэлийн  “SmithKline & French” компани “Auranofin” гэдэг эмийг уг шар металлаас гаргаж авсан бол 2001 оноос алтыг ангиографийн салбарт ашиглаж, зүрхний мэс засалд хэрэглэх болсон байна.
1961 онд АНУ-ын “Bell Labs микрочипийн утаснуудыг алтаар холбож туршсан бөгөөд эдүгээ зөөврийн компьютер, гар утас хийхэд ч уг металлыг ашиглах болсон ажгуу. Шинжлэх ухааны хувьсгалын хөдөлгүүр алт болж, нанотехнологи, химийн үйлдвэрлэлд хүчтэй нэвтрэн ороод буй.
Нөгөө талаас алтыг дэлхийн санхүүгийн барилгын тулгуур ч гэдэг. Уг металлыг олон улсын валютын зах зээлд хамааруулсан байвал гайхах зүйлгүй. XAU бол олон улсын стандартын байгууллагаас алтанд оноосон валютын код юм. Тийм ч учраас санхүүгийн зах зээлд алтны данс гэсэн ойлголт бий. Өөрөөр хэлбэл, алтаар нэгж нь илэрхийлэгддэг төлбөр тооцооны дансыг арилжааны банкууд ашигладаг. Ийм дансанд хадгалагдаж байгаа алт нь биет бус байдаг бөгөөд чөлөөтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог ажээ.
Дэлхийн санхүүгийн тогтолцооны нэгэн бүрэлдэхүүн болж, хүний амьдралын байнгын хэрэглээнд хамгийн ойр байдаг гэдэг утгаараа алт аль ч металлыг араасаа дагуулахгүй. Тэгсэн атлаа энэ нь тун ч ховор эрдэнэс ажээ. Нэг унци алт олох нь таван карат алмас эрдэнэ олохоос ч түвэгтэй байдаг гэнэ. Ер нь хүн төрөлхтөн түүхэндээ 165 мянга гаруй тонн алт ухаж гаргасан гэх тойм тооцоо бий аж. Энэ нь химийн элемент учир устаж үгүй болохгүй, оршин тогтносоор байна гэсэн үг.

Энэтхэгийн чамирхал хийгээд Төвбанкуудын айдас
Дэлхийн алтны нийт эрэлт 2010 онд есөн хувиар нэмэгдэж, 3813.2 тоннд хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд үзүүлэлт болсон байна. Алтны нийт эрэлтийн талаас илүү хувийг гоёл чимэглэлийн үйлдвэрлэл бий болгож иржээ. Энэтхэгийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний хэрэглээ өнгөрсөн онд 69 хувиар суга өсөж, 746 тоннд хүрснээр рекорд тогтоов. Дэлхийд үйлдвэрлэгдэж буй нийт алтны тав хуваасны нэг нь энэтхэгчүүдийн ээмэг, бөгж болж хувирдаг гэсэн үг л дээ. Тус улс дэлхийн алтны эрэлтийн гол зүтгүүр болж ирсэн бол сүүлийн үед Хятадын хэрэглээ асар ихээр нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна. 2010 онд зөвхөн энэ хоёр орон дэлхийн зах зээлд нийлүүлсэн алтан гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн, гулдмай, зоосны 51 хувийг худалдаж авсан аж. 
Ер нь алтны эрэлтээрээ Энэтхэг, Хятад, Турк, Дундад Ази дэлхийд тэргүүлнэ. Үүнийг тухайн орнуудын онцлог, түүх соёл, шашин шүтлэгтэй холбон тайлбарлаж болно. Тухайлбал, Энэтхэгийн хүн амын 80 хувь нь Хинди шашинтай бөгөөд алтыг бурхны бэлэг гэж үздэг. Уг шар металл бол бэл бэнчин, хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг гэж шашинд нь номлодог ажгуу. Тийм ч болохоор энэтхэгчүүд үндэсний баяр наадам, хурим найр болгоноор л гэр бүл, ойр дотныхондоо алт бэлэглэх заншилтай.
2010 онд улс орнуудын Төвбанк алт ихээр худалдан авах болсон нь эрэлт нэмэгдсэний бас нэгэн шалтгаан. Энэ нь сүүлийн 21 жилд анх удаа тохиолдож буй үзэгдэл юм. 100 гаруй жилийн турш албан сектор буюу Төвбанкууд алтны гол эзэмшигчид байж иржээ. Харин 1971 онд Ерөнхийлөгч Никсон “Алтан цонх”-ыг хааснаас байдал өөрчлөгдөж, Төвбанкууд алтаа ихээр зарах болсон байна. Энэ нь ханшийн савлагаа бий болгож, зах зээлд сөргөөр нөлөөлөхөөс хамгаалах хэрэгтэй боллоо. Ингээд 1999 онд Европын орнууд CBGA (Central Bank Gold Agreement) гэрээг үзэглэснээр албан секторын зах зээлд нийлүүлэх алтны хэмжээг жилийн 400 тонноор хязгаарлажээ. Үүнийг 1999 оны Вашингтоны пакт ч гэж нэрлэдэг. 1989-2007 онд Төвбанкууд жилдээ 400-600 тонн алт зардаг байсан бол 2009 онд ердөө 30 тонныг борлуулсан байна. Харин өнгөрсөн жил албан сектор алтны томоохон худалдан авагч болж хувирсан нь гайхалтай.
Өнгөрсөн онд ОХУ 135 тонн алт авч, дэлхийг алмайруулсан бол Хятад, Тайланд, Бангладеш, Венесуэл, Филиппин зэрэг олон орон уг металлыг ихээр төвлөрүүлэх болсон нь гадаад валютын нөөцөө хамгаалах сонирхолтой нь холбоотой байлаа. Санхүү, эдийн засгийн хямрал цаашилсан ч дэлхий айдаст автсан хэвээр. Европын өр, Японы гамшиг, Хятадын инфляци гээд олон шалтгааны улмаас улс орнууд валютын нөөцөө дундрахаас сэргийлж, алт ихээр авах болжээ. Тийм ч учраас Олон улсын валютын сангийн зарсан 403.3 тонн алтыг ихэвчлэн Төвбанкууд худалдаж авсан байдаг.
Харин техник технологи буюу үйлдвэрлэлийн салбарт 2010 онд 419.6 тонн алт хэрэглэсэн нь уг металлын нийт эрэлтийн ердөө 10 хувийг л бий болгожээ.   

Өмнөд Африк байр сууриа Хятадад алджээ
ХХ зууныг хүртэл Өмнөд Африк дэлхийн зах зээл дэх алтны гол нийлүүлэгч байв. 1970-аад оны эхээр тус улс жилдээ 1000 тонн алт олборлодог байсан нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 70 орчим хувийг эзэлж байлаа. Гэхдээ өнгөрсөн 20 жилд байдал эрс өөрчлөгдсөн байна. Эдүгээ алтны олборолтоороо Хятад орон дэлхийд тэргүүлэх болов. 2009 онд тус улс 330 тонн шар металл олборлосон бол Австрали 223 тонноор удаалж, Өмнөд Африк 222 тонноор гуравдугаарт шидэгдсэн байх жишээтэй.
Ер нь сүүлийн жилүүдэд алтны үнэ тасралтгүй өсч байгаагаас шар металл олборлох сонирхол нэмэгдэж, хөрөнгө оруулагчид ч хөрснөөс энэхүү эрдэнэсийг олохыг тулд мөнгөө харамгүй цацах болж. 2010 онд алтны олборлолт өмнөх жилийнхээсээ есөн хувиар нэмэгдэж, 2543 тоннд хүрчээ.  
Гэхдээ сүүлийн таван жилийн байдлаас үзэхэд уурхайнуудаас алтны нийлүүлэлтийн 59 хувийг л хангадаг аж. 31 хувийг нь алтыг дахин боловсруулах замаар гаргаж авдаг юм байна. Алт өөрөө химийн элемент учир устаж алга болохгүйг бид мэднэ. Тийм ч учраас алтыг дахин боловсруулах нь нийлүүлэлтийн нэг чухал бүрэлдэхүүн бөгөөд 2010 онд 1672 тонн алт дахин боловсруулжээ.
Харин өнгөрсөн жилүүдэд нийлүүлэлтийн 10 хувийг албаны салбар буюу Төвбанкууд алт зарах байдлаар бий болгодог байлаа. Гэвч санхүү, эдийн засгийн хямралаас хойш буюу 2008 оноос Төвбанкууд алт зарахдаа хойрго хандаж, эсрэгээрээ бүр худалдан авагч болж эхэлснийг дээр дурдсан билээ.

Алтаар аврагдсан Монгол
1990-ээд оны эхээр Монголын эдийн засаг маш хүнд нөхцөлд орсон үед хамгийн бага зардлаар, хамгийн богино хугацаанд эдийн засгаа тогтворжуулах шаардлагатай болсон. Ерөнхийлөгч П.Очирбат 1991 онд “Алт” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй аж ахуйн нэгж байгуулагдан, олборлосон алтаа Төвбанкинд тушааж, Монголын валютын нөөцийг нэмэгдүүлсэн билээ. Тэр үеэс алт олборлолтын хэмжээ асар ихээр өсөж, 2005 онд 24.1 тонноос даван рекорд тогтоож байв. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ ч 15.2 тоннд хүрч байсан удаатай. Гэвч 2006 оноос эдгээр үзүүлэлт навс унасан байгааг графикаас харахад ойлгомжтой болов уу. “Энэ бол 68 хувийн татвараас үүдсэн хэрэг, түүнээс л болж ил, далд хар захаар борлуулахад хүрсэн гэж алт олборлогчид ярьдаг юм билээ” хэмээн ШУТИС-ийн “Экологи-тогтвортой хөгжлийн төв”-ийн захирал П.Очирбат учирлаж байлаа.
Харин өнөөдөр Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар хүчингүй болсон. Ингэснээр Монголын алтны салбар сэргэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэв үү? Энэ оны гуравдугаар сарын 21-ний байдлаар Төвбанк дотоодын алтны зах зээлээс 270 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 64.7 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Гэхдээ энэ нь найдлага төрүүлэхээр тоо биш юм. Өнгөрсөн онд Төвбанкинд тушаасан алтны хэмжээ шалдаа буусантай харьцуулахад л бага зэрэг өссөн хэрэг болохоос биш 2005 оныхтой зүйрлэх ч аргагүйг мэргэжилтнүүд онцолж байна.
Алтны үнэ оргил цэгтээ хүрсний зэрэгцээ 68 хувийн татвар “Bye bye болчихсон байдаг. Тэгвэл яагаад Монголын алтны салбар сэргэхгүй байна вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.  Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгосон хэдий ч  УИХ-ын гишүүд маань дахиад нэгэн хууль санаачилж, алт олборлогчдодоо сюрприз барьсан билээ.
“Эхний ээлжинд 254 лиценз цуцлах шийдвэр гарсан, цаашид уул уурхайн 1700 орчим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт мэдэгдсэн нь Монголд төдийгүй дэлхийд сенсаац дэгдээж байв. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу “Урт нэртэй” хэмээн өхөөрдөн нэрлэсэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ ажгуу. Дээрх 254 тусгай зөвшөөрөл нь зөвхөн алтны шороон ордынх бөгөөд нэр нь нэгэнт тодорхой болсон тухай салбарын сайд нь онцолж байсан. Энэ нь манай орны алтны нийт нөөцийн 40 орчим хувийг эзэлж байгааг тэрбээр мөн тайлбарласан юм.
Уг нь Төвбанк дотоодын алт олборлогчдоос уг шар металлыг худалдан авахдаа дэлхийн зах зээл дэх ханшаас ердөө хоёр ам.доллар доогуур үнэлдэг юм. Түүнийгээ цэвэршүүлж, олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалан гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Гэвч амьдрал дээр хэрэгжүүлэхэд бэрх нэг хуулийг нөгөө нь орлосоор алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компанийг хиар цохижээ. Тийм ч болохоор монголчууд дэлхийн зах зээлд алтны үнэ тэнгэрт хадсан аятай үеийг ардаа орхиж байгаа юм.

Үнэ өссөөр байх уу?
2001 онд 250 ам.долларт хүрэхтэй, үгүйтэй байсан унци алтны үнэ эдүгээ зургаа дахин өсөж, 1500 ам.долларт хүрснийг графикаас харна уу. Өнгөрсөн жил уг шар металлын ханш 35 удаа түүхэн дээд амжилтаа эвдэж, нийт 26 хувиар дээшилсэн бол он гарсаар ч мөчөөгөө өгөхгүй, тэнгэр өөд тэмүүлсээр. Энэхүү гайхамшигт явдлын талаар шинжээчид янз бүрийн байр сууритай байгаа юм.
“Инфляци гаарч буй өнөө үед трейдерүүд цаасан мөнгө өөртөө байлгахыг хүсэхгүй байна. Тэгэхээр алтнаас өөр сонголт алга байна даа” хэмээн “OptionsXpress” холдингийн түүхий эдийн ахлах шинжээч Роб Курзатковски онцолжээ. Харин GFMS компанийн захирал Филип Клапвийк  “Алтны үнэ цаашид ч өссөх болов уу. Хөрөнгө оруулагчид инфляцид санаа зовсоор байгаа бол Засгийн газрууд мөнгөний бодлогоо чангаруулах тал дээр хөдлөх шинжгүй. Тиймээс оны эцэст унци нь 1600 ам.долларт хүрвэл бид гайхахгүй” гэжээ.
“Энэтхэг, Хятадын алтны эрэлт нэмэгдэж, Америкийн бодлогын хүү сул байгаа учраас 2014 он хүртэл алтны ралли үргэлжилж мэднэ. Техникийн үндсэн дээр гаргасан бидний судалгаагаар бол 2014 онд унци алт 2107 ам.доллар, 2020 он гэхэд 4869 ам.доллараас давж мэднэ” хэмээн “Standard Chartered” банкны шинжээчид тэмдэглэсэн тухай “The Telegraph” мэдээлэв.  
Харин HSBC банкны шинжээчдийн гаргасан таамаглал амьдралд арай ойрхон тусаж магадгүй юм. Тус банкны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онд унци алтны дундаж ханш 1525 ам.доллар байх бол 2012 онд уг үзүүлэлт 1500, 2013 онд 1450 ам.доллар болж буурахаар байгаа юм. Хөгжингүй орнуудын эдийн засаг бүрэн сэргэж, Төвбанкууд дэлхийг айдаст автуулж буй инфляцитай тэмцэхийн тулд мөнгөний бодлогоо чангаруулаад эхлэхээр хөрөнгө оруулагчид алтанд “нүд унагах” нь багасна хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
Ер нь дэлхийн эдийн засгийн байдал доройтох, тогтворгүй болох үед алтны үнэ цэнэ нэмэгддэг нь амьдралаар батлагдсан билээ. Санхүү, эдийн засгийн хямралын үеэр бүх таваарын үнэ шалдаа бууж байхад гагцхүү алтны ханш л дээшээ цойлж байсан нь үүнтэй холбоотой. Харин өнөөдөр дэлхийн улс орнуудыг баян, ядуу хэмээн ялгалгүй хиар цохиж эхэлсэн инфляци алтны үнийн раллигийн гол хөшүүрэг болоод байгаа аж. Гэхдээ бидний урд, хойд хөршөөс эхлээд Европын Төвбанк хүртэл инфляцийг “чөдөрлөх”-ийн тулд бодлогын хүүгээ нэмж эхлээд буй. Энэ байдал цааш үргэлжилж, томоохон орнууд мөнгөний бодлогоо чангаруулах аянд гарваас шар металлын ханшид сайнаар лав нөлөөлөхгүйг шинжээчид онцолж байна.
1981 онд алтны ханш тэнгэрт хадаж, унци нь 873 доллар болсон удаатай. Дараа нь дэлхийн эдийн засгийн өсөлт эрчимжиж, хөрөнгийн зах зээл асар хурдан өргөжин тэлснээр 20 жилийн турш уг металлын үнэ тасралтгүй унасаар 1999 онд унци нь 253 доллар болтлоо шалдаа буусан гээд бод доо. Тиймээс АНУ, Европын орнуудын эдийн засаг сэргэхэд алтны үнийн ирээдүй бүрхэг болохыг хэн ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд бид алтны үнэ дээд цэгтээ тулсан үе буюу “алтан боломж”- ийг ашиглаж чадалгүй үлдэх билээ.

Эх сурвалжууд:
1.    World Gold Council, Gold Demand Trends Full Year 2010, An investor`s guide to the gold market
2.    АМГ, “Алт олборлолт, зах зээлийн хэтийн төлөв” судалгаа
3.    Монголбанк
4.    Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг, “Алтны үнийн хандлага” нийтлэл
5.    Kitco
6.    Bloomberg, Reuters, The Telegraph”, “Ведомости”

No comments:

Post a Comment